Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн

                        Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн

........... оны ......сарын .......... өдрийн

 .......... тоот тогтоолын хавсралт

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

дэргэдэх Иргэний танхимын журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (цаашид “Хурал” гэх) – ын бодлого, шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчид сонсох, иргэд дүүргийн тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцэх зорилгоор Хурлын дэргэд байгуулагдсан Иргэний Танхим (цаашид Дүүргийн Иргэний Танхим гэх) – ын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

 

Хоёр. Зорилго, үйл ажиллагааны зарчим

2.1 Дүүргийн иргэний танхимын зорилго нь Хурлын байгууллагаас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас гаргах санал, санаачлагыг хүлээн авах замаар Нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм.

2.2 Дүүргийн иргэний танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана. Төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа Иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт үндэслэнэ.

2.3 Дүүргийн иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байх зарчим үйлчилнэ.

2.4 Дүүргийн иргэний танхимын үйл ажиллагаа дүүргийн иргэн бүрт нээлттэй байна.

Гурав. Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагаа

3.1 Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааны хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна. Нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал хэлэлцүүлэгч тал, болон зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.

3.2 Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, бусад байгууллагын төлөөлөл байна. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцуулж болно.

3.3 Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал хэлэлцүүлэгч нь Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчид, Ажлын хороо, дэд хороо, түр хороо буюу ажлын хэсэг байна. Асуудал хэлэлцүүлэгч тал буюу тэдгээрийн ахлагч нь тухайн асуудлаар явагдаж буй нээлттэй хэлэлцүүлгийн даргалагч байна.

 3.4 Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааг зохион байгуулагч нь Хурлын ажлын алба (цаашид “Ажлын алба ” гэх) байна. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал, мэдээлэл хүлээж авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах, хэвлэл мэдээллээр сурталчилах, саналыг цуглуулах, ангилж бэлтгэх, асуудал хэлэлцүүлэгч талын тайлан мэдээлэл бэлтгэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

3.5 Нээлттэй хэлэлцүүлэгт орж буй асуудалтай холбоотойгоор дүүргийн Засаг дарга, түүний орлогч, дүүргийн Засаг даргын тамгын газар, ажлын алба, хэлтэс, албат хамтран зохион байгуулна.

3.6 Дүүргийн Иргэний танхимын ажиллах бүтэц, зохион байгуулалтыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчид, Хурлын Тэргүүлэгчид батлана.

Дөрөв. Хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах

4.1 Нээлттэй хэлэлцүүлгийг хэлэлцүүлэгч нь хэлэлцэх асуудлын төсөл, түүний товч агуулга, үндэслэлийн танилцуулгыг ажлын арав хоногийн өмнө Хурлын  Ажлын албанд хүлээлгэн өгнө.

4.2 Иргэний танхимд хэлэлцэх төслийн анхны эх, хэлэлцүүлэг болох он, сар, өдөр, байр, цаг, үргэлжлэх хугацаа, иргэдийн санал хүлээж авах хаяг, электрон шуудан, лавлагаа авах, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг нээлттэй

хэлэлцүүлэг болохоос ажлын гурав хоногийн өмнө вэб хуудсанд байрлуулан Хурлын Ажлын албанаас зарлана.

Тав. Санал өгөх хэлбэр

5.1 Хэлэлцүүлэгт оролцогч нь нээлттэй хэлэлцүүлэн зарласан асуудлаар дараахь хэлбэрээр санал, байр сууриа илэрхийлж болно. Үүнд:

5.1.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний

танхимд” гэж хаягласан захидлаар

5.1.2 Нээлттэй хэлэлцүүлэгт биечлэн ирж оролцох

5.2 Дүүргийн Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өөрийн санал, байр суурийг томъёолоход хангалтгүй мэдээлэлтэй байна гэж үзвэл иргэд нээлттэй хэлэлцүүлэг болохоос өмнө төсөл боловсруулагч нарт хандан асуулт тавьж, хариулт авч болно.

5.3 Хурлын Ажлын алба төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, ирсэн санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Танхимын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол уг ажлын хэсэг өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

Зургаа. Хэлэлцүүлэгт оролцох дараалал

6.1 Хурлын Ажлын алба нь зөвхөн хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүсэгчдийн дарааллыг тогтоох зорилгоор хэлэлцүүлэг болохоос ажлын хоёр хоногийн өмнөх өдөр ажлын найман цагийн турш утас, факс, электрон шуудангийн хаягаар иргэдийн нэрсийг хүлээн авч бүртгүүлсэн цагийн дарааллаар жагсаана.

6.2 Хурлын Ажлын алба нь бүртгэгдсэн нэрсийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчид хэлэлцүүлэг эхлэхээс 2 хоногийн өмнө танилцуулж, хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцох хүмүүсийн нэрсийг хүлээн авна. Бүртгүүлсэн болон урилгаар оролцох нэрсийг хэлэлцүүлэг эхлэхээс нэг хоногийн өмнө эцэслэн гаргана.

6.3 Нээлттэй хэлэлцүүлэг даргалагч нь оролцогчдын нэрсийн жагсаалт гармагц дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж нээлттэй хэлэлцүүлэг болохоос нэг хоногийн өмнө оролцогч нэг бүрт мэдээлнэ. Үүнд:

6.3.1 Нээлттэй хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлсэн болон хэлэлцүүлэгт

уригдсан хүмүүсийн нийт тоо Хурлын танхимын урилгаар оролцогчдын суудлын тооноос илүүгүй тохиолдолд нээлттэй хэлэлцүүлгийг Хурлын танхимд энэхүү журмын дагуу зарласан цагт эхлүүлэх.

6.3.2 Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан хүний тоо, байрны

багтаамжаас хамааран шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийг хэд хэдэн ээлжээр хийх буюу эсвэл өөр байранд хийх.

6.4 Нэг байгууллагаас иргэд олноороо бүртгэгдсэн тохиолдолд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оролцуулж болно.

6.5 Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, гадаадын байгууллагын төлөөлөгчийг урилгаар оролцуулж болно.

Долоо. Нээлттэй хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

7.1 Нээлттэй хэлэлцүүлгийн танхимыг бэлтгэх, хэлэлцүүлгийн үеийн протокол хөтлөх, хэлэлцүүлэг даргалагчийн хүсэлтээр хэлэлцүүлгийн дэг алдагдуулагчийг танхимаас гаргах, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллэр дамжуулах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж оролцуулах ажлыг Хурлын Ажлын алба хариуцна.

7.2 Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж, сонсгох, зураг, үзүүлэн таниулах материал байрлуулах, дэлгэцээр материал үзүүлж танилцуулах оролцогчдын материалыг нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс 2-осс доошгүй хоногийн өмнө Хурлын Ажлын албанд хүлээлгэн өгч техникийн бэлтгэл хангуулна.

7.3 Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хэлэлцүүлэгт

сэтгүүлч, сурвалжлагч, ажиглагч нарыг нэвтрүүлэх, тэдний суух байрлал хуваарилах зэрэг бэлтгэл ажлыг нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хийж гүйцэтгэнэ.

7.4 Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг угтан авч, хэлэлцүүлгийн үеэр үг хэлэх дарааллыг тогтооход хэрэглэгдэх жагсаалт, бүртгэлийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчийн гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.

Найм. Нээлттэй хэлэлцүүлгийн дэг

8.1 Нээлттэй хэлэлцүүлэгт оруулж буй төслийн нэр, хэлэлцүүлэг зарласан огноо, хэлэлцүүлгийн танхимын зочдын тоо, хэлэлцүүлэгт асуудал хэлэлцүүлж буй төсөл боловсруулагч багийг Хурлын Ажлын албаны ажилтан сонсгон танилцуулж нээлттэй хэлэлцүүлгийг нээнэ. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.

8.2 Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын нарийн төвөгтэй байдлыг харгалзан хэлэлцүүлгийн нийт хугацаа, нэг оролцогчийн үг хэлэх хугацааг тус тус тогтооно. Нэг хүний үг хэлэх хугацаа 3-5 минут байна.

8.3 Хөгжлийн болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс үгээ хэлэх  А-4 хэмжээний нэг цаасанд багтаан урьдчилан бэлтгэж ирнэ. Хурлын ажлын албаны  Иргэний танхимын нэг ажилтан түүний хэлэх үгийг хэлэлцүүлэгт уншин сонсгоно.

8.4 Төсөл боловсруулсан багийн гишүүн оролцогчдод төслийг танилцуулна.

8.5 Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтооно. Ингэхдээ энэ журмын 7.4 дэх заалтын дагуу бүртгүүлсэн нэрсийн дарааллыг үндэслэн дараахь дэс дарааллыг давхар баримтлан индэрт урина.

8.5.1 Бүртгэгдсэн дарааллын дагуу оролцогч үг хэлэх:

8.5.2 Хэлэлцүүлэгт урилгаар оролцсон хүмүүс үг хэлэх:

8.5.3 Хөндлөнгийн ажиглагч, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын холбогдох албаны хүмүүс үг хэлэх.

8.6 Ажлын хэсгийн гишүүд (асуудал хэлэлцүүлэгч тал) оролцогчдоос асуулт асууж, хариулт авч болно.

8.7 Ажлын хэсгүүд (асуудал хэлэлцүүлэгч тал) санал дүгнэлт хэлнэ.

8.8 Хэлэлцүүлгийг даргалагч хааж үг хэлнэ.

8.9 Хэлэлцүүлэгт оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах зэрэг бусдын үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлвэл Ажлын алба оролцогчийг танхимаас гаргана.

Ес. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

9.1 Дүүргийн Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа төсөл боловсруулан багийнхан төслийн эхийг 14 хоногт багтаан боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулна.

9.2 Төсөл тодорхой шийдвэр болон гарсанаас хойш 14 хоногт багтаан түүнийг Хурлын Ажлын албанд ирүүлсэн санал, шийдвэрт хэрхэн туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хурлын болон холбогдох вэб сайтад байрлуулна.

9.3 Энэхүү журам нь хүн бүрийн саналыг хурлын шийдвэрт заавал тусгах үндэслэл болохгүй. Харин хурлаас тухайн асуудлаар шийдвэр гаргахаас өмнө иргэд байр суурь, дэвшүүлсэн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж бий болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Арав. Бусад зүйл

10.1 Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой шаардлагын улмаас нээлттэй хэлэлцүүлгийг Хурлын дарга хойшлуулах буюу цуцалж болно. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг анх зарласан журмаар олон нийтэд мэдээлнэ.

10.2 Нээлттэй хэлэлцүүлэг Монгол хэл дээр явагдана.

 

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд