Тус дүүргийн сүлд нь Өвгөн байдаг нь Түвдээс залагдан ирсэн их ламтан Агваанпэрэнлэйжамц Сонгино хайрхан уулын тахилгын судар зохиох үүрэг хүлээгээд улмаар уулыг ихэд шинжжээ. Чингээд "Энэ өндөр хар уул их догшин юм байна. Учир нь энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, цэргийн эрдэм ихтэй, айхавтар хөх өвгөн ажээ" хэмээн айлдаж. Тэрхүү эзэн савдаг нь 1998 онд зохиогдсон дүүргийн сүлдэнд тусгалаа олжээ.