Монгол-оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдад ОХУ-ын гэгээрлийн яамны дэргэдэх олон улсын хамтын ажиллагааны төвийн хэрэгжүүлж буй “Орос багш хилийн чандад” төслийн хүрээнд ном, сурах бичиг гардуулах арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, ОХУ-с Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Евсиков Алексей Николаевич болон ОХУ-ын элчин сайдын яам болон БШУЯ-ны холбогдох төлөөллүүд оролцлоо.
Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 320 дугаар тогтоолоор Монгол–Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургууль болгон шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд Монгол-Оросын хамтарсан сургалтын хөтөлбөрөөр 1 дүгээр ангид 4 дүгээр хорооны 127 суралцагч элсэн суралцаж байгаа бөгөөд 1 дүгээр ангийн 5 бүлгийн 127 сурагчдад ОХУ-ын дөрвөн багш багшилж байна.
 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт хэсгийн малчин Т.Шагдарсүрэн, Г.Эрдэнэчимэг нар "Улсын аварга фермер”-ийн болзол ханган сар шинийн босгон дээр аварга фермерийн шагналаа гардан авлаа. Мал сүрэг тарган, сүү сааль ундарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, эцэг эх, асран хамгаалагчдад Сэтгэлзүйн болон Хууль эрх зүй, хоол зүй, хөдөлгөөн, хэл заслын зөвлөгөө мэдээллийг хүргэсэн.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ энэ жил өргөжин хоёр өдрийн хугацаанд /2024.01.27-2024.01.28/ Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн 600 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
Сонгинохайрхан дүүргийн зүгээс жил бүр эрүүл мэндийн байгууллагатай хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдгээрийн ар гэрийн нийгмийн байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ онд дүүргийн хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хамтран ажилласан Сонгинохайрхан дүүргийн Гэр, бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, “Дэлхийн зөн” Олон улсын төрийн бус байгууллага, Тэгш хамруулах боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг 9, 65 дугаар сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
“МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин түрээсийн төлбөр авалгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжоор хангасан билээ.
Уг үзэсгэлэн худалдаа нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэд маань үндэсний уламжлалт баярынхаа бэлтгэлийг хангахын тулд заавал хотын төв рүү явалгүйгээр өөрт ойр байршлаас хэрэгцээтэй бүхий л зүйлээ нэг дороос худалдан авах боломж бүрдсэнд таатай байна.
Нээлтийн үеэр “МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ” үзэсгэлэн худалдаанд оролцож буй дүүргийнхээ 50 гаруй өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцан, үзэсгэлэнг зорин ирсэн иргэдэд уламжлалт сар шинийн баяраараа Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж, эх оронч худалдан авалт хийхийг уриаллаа.
Мөн та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар зочилж өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
✅Байршил:
-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Геологийн төв лабораторийн ар талд “Оргил-21” сүлжээ дэлгүүрийн баруун талд “УЛААНБААТАР ЭКСПО” төв
Нийт нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд амьдардаг иргэдэд тулгамдаж буй асуудлаар дүүргийн онцгой комисс өнөөдөр /2023.01.17/ хуралдлаа.
Мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороодод нийт 73824 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 295910 толгой мал өвөлжиж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан алслагдсан эдгээр хороодын зарим хэсгүүдэд зам, даваа хаагдаж малчид өвс, тэжээлийн хомсдол болон эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
Иймд тус хороодын Засаг дарга нар болон онцгой комиссын гишүүдэд “Нэн түрүүнд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа хэсэгт амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн байдал, сургууль цэцэрлэгт хамрагддаг хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэдийн тоон мэдээллийг гаргаж эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцгойлон анхаарууллаа. Учир нь иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн чухал.
Мөн дэмжлэг үзүүлэх шаардлагатай мал бүхий иргэдэд өвс, тэжээл тараах, Цаг агаарын урьдчилсан мэдээг малчин айл өрхүүдэд хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулахыг үүрэг болголоо.