Сонгинохайрхан дүүрэг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр нийслэлийн Октябрийн районоос өрх тусгаарлан байгуулагдсан. Ингэхдээ Октябрийн раойныг Баянгол, Сонгино гэсэн хоёр дүүрэгт хувааж, засаг захиргааны нэгэн шинэ нэгжийг байгуулсан. 

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолын дагуу Сонгино дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 100 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа 1992 оны есдүгээр сарын 19-ний өдөр хийж байжээ. Энэхүү анхны хурлаас Сонгино дүүргийг 1992 оны аравдугаар сарын 1-ний өдөр байгуулах тухай тогтоол гаргасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 1992 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Сонгино гэдэг нэрээ Сонгинохайрхан дүүрэг болгон өөрчилсөн байдаг.

 

 

Ийнхүү тэр үеийн Октябрийн районоос өрх тусгаарлан өнө эртний түүхт, ариун дагшин Сонгинохайрханаа түшин өрхөө татаж гал голомтоо асаасан түүхтэй.

Түүхийн хуудсыг сөхвөл, 1949 онд Наушка-Улаанбаатар төмөр зам тавигдахад төмөр замын Толгойт өртөө, төв түүхий эдийн баазууд болон цахилгаан станц, орон сууцны хорооллууд баригджээ. Түүний зэрэгцээгээр Толгойт, Мах комбинатын гэр хороолол буй болж, Толгойтын гэр хороолол нь 1966 оны их үерийн үед баруун Нарангийн дэнжид шилжин нүүж, Мах комбинатын хороолол улам тэлсээр Баянхошууны гэр хорооллын эхлэл тавигдаж байв.

Мөн энэ үеэс Баянхошуу хавьд барилгын чиглэлийн үйлдвэрүүд байгуулагдан, орон сууцны Нэгдүгээр хороолол болон Баянхошууны хорооллуудыг барьсан тухай түүхэн эх сурвалжуудад дурдсан байдаг.

 

Өдгөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотынхоо баруун хаяанд бууриа засч, сууриа тавьсан Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын хүн амын 10 хувь, Улаанбаатар хотын хүн амын 24 хувь нь амьдардаг нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг болжээ.

Нутгийн удирдлагын тогтолцоо шинэчлэгдэн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлсэн энэ түүхэн 30 жилийн хугацаанд есөн удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдаж, 465 төлөөлөгч сонгогдон ажилласан байна.

Нийслэл Улаанбаатар хотын  газар нутгийн 25,5 хувийг эзлэн оршдог өнөөгийн Сонгинохайрхан дүүрэг нь 1200,6 км2 газар нутагтай ба нийслэлийн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг болон Төв аймгийн Алтанбулаг, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Баянцогт сумтай хиллэн оршдог. Дүүргийн газар нутгийн 22  хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 19,4 хувь нь ойн сав газар, 3,6 хувийг авто зам, нийтийн эзэмшлийн талбай эзэлж байна.

 

Дүүрэг анх байгуулагдахдаа засаг захиргааны 20 хороо, 28,600 өрхийн 128 мянган хүн амтай, ерөнхий боловсролын 17 сургууль, 21130 сурагчтай, 30 цэцэрлэгт 4466 хүүхэд суралцдаг, 9086 толгой малтай байв.

 

Эдүгээ Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой, 90 мянга гаруй өрхтэй, 342 мянга гаруй хүн амтай, төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн 64851 суралцагч сурч байна.

2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн 65, төрийн бус өмчийн 49 нийт 112 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 24202 хүүхэд хүмүүжиж байна.

Дүүргийн хэмжээнд 83687 толгой малтай. Үүнээс тэмээ 23, үхэр 26764, адуу 13926, хонь 20917, ямаа 22057 толгой малтай байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийт үйл ажиллагаа явуулж байгаа  25865 аж ахуйн нэгж, байгууллагууд байдаг.

 

 

Эрүүл мэндийн төв, салбар 2 амбулатори, Нэгдсэн эмнэлэг, салбар 1 амбулатори, 26 өрхийн эрүүл мэндийн төвүүд болон нийт 31 нэгжид 706 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд дүүргийн 342 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэж байна.

 

Эдүгээгээс 30 жилийн өмнө өрх тусгаарлан, тулгын чулуугаа тавьж, гал голомтоо асаасан Сонгинохайрхан дүүрэг өдгөө бүрэн эрхт тусгаар улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад өнгө нэмж, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын хөгжлөөрөө тэргүүлж байна.