Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд энэ 3 дугаар сарын 18-ны өдөр дүүргийнхээ Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Сонгинохайрхан дүүргийн 280 мянган иргэний 30 орчим хувь нь орон сууц хороололд оршин суудаг бөгөөд эдгээр орон сууц хорооллуудад нийт 52 СӨХ үйл ажиллагаа явуулдаг юм.
Энэ удаагийн уулзалтаар Засаг дарга СӨХ-дын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа.
СӨХ-ын удирдлагууд нийтлэг болон тус тусын онцлог бүхий бэрхшээл, тулгамдсан асуудлаа дэлгэрэнгүй танилцуулсан. Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн болон улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад эдгээр асуудлыг тусган шийдвэрлэхийг зорьж ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр болон 11-11 төвөөр дамжиж ирсэн иргэдийн өргөдөл гомдлын нэлээд хувийг СӨХ-дын үйл ажиллагаатай холбоотой гомдол санал ирдэг. СӨХ-ын удирдлагуудыг доголдолтой үйл ажиллагаагаа хэвийн болгож, үйлчилгээний чанарыг сайжруулахыг Засаг дарга М.Чинболд мөн үүрэг болголоо.
Энэхүү уулзалтад Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Дэд бүтэц, нийтийн аж ахуй хариуцсан орлогч Ц.Төрхүү, ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар нар мөн оролцож Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулж иргэдийн оршин суух орчин нөхцлийг сайжруулах тал дээр хэрхэн хамтарч ажиллахаа хэлэлцлээ.