Өнгөрсөн Бямба гаригт буюу 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн их сургуультай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” сэдэвт нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн үеэр Анкарагийн гудамжны замын хөдөлгөөнийг хааж, урлагийн тоглолт, бүжгийн тэмцээн, төрөл бүрийн үзүүлбэрүүд зэрэг иргэд, олон нийтийн сонирхлыг татсан үйл ажиллагаанууд болсон юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй өдөрлөгт иргэд, залуусаа зохион байгуулан идэвхтэй оролцлоо. Тус дүүргээс Нийслэл хотынхоо ойг угтан хэрэгжүүлж буй “Хотын соёл” төслөө танилцуулан, өдөрлөгт хүрэлцэн ирэгсэдэд Их хотын соёлыг сурталчилсан юм.
Иргэд, олон нийт энэхүү нээлттэй зугаалгыг тун талархалтай хүлээн авч, .....яг л Европд байгаа мэт сэтгэгдэл төрж байна...., ...Улаанбаатар хот маань аргагүй Их хот болжээ... гэлцэж байлаа. Мөнхүү ...Хотын соёлын талаар зайлшгүй хөндөх ёстой.., ...Их хотын иргэд Их хотын соёлтой байх нь зүйтэй... хэмээн төслийг халуун дотноор дэмжсэн юм.
Улаанбаатар хот бол залуусын хот. Өнөөгийн хүүхэд залуус Их хотынхоо, эх орныхоо шинэлэг өнгө төрх, ирээдүй нь болох учиртай. Хүүхэд залуус маань ч хотын соёлын талаар өөрсдийн бодолтой, харах өнцөгтэй, итгэл урамтай байгаа нь ажиглагдаж байлаа.