Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүнийг өнөөдөр /2024.03.13/ хуралдуулж, халиа тошин, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэл үүсгээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Нийтийн биеийн тамир” дэд хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн хөлбөмөг” хөтөлбөрийг орон даяар амжилттай хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан илгээлтийг Сонгинохайрхан дүүрэг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан анхны дүүрэг боллоо.
Илгээлтийг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөгийн хэлтсийн дарга Д.Тэрбаатар, холбооны хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Г.Насанбуян, нийтийн хөлбөмбөгийн хэлтсийн мэргэжилтэн Т.Галсансүх нар дүүргийн удирдлагуудад гардуулан өглөө.
“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийн спортын техник, уран чадварыг зааж сургах мэргэжлийн багш нарын тоо нэмэгдэж, энэ спортыг дэмжигч олон түнш байгууллага бий болно. Мөн хөлбөмбөгөөр хичээллэгч хүүхэд, багачууд клубээрээ дамжуулан “Үндэсний шигшээ баг”-т тоглох, мэргэжлийн өндөр чансаатай тамирчид төрөн гарах, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгах үүд хаалга нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
 
Нийслэлийн Засаг даргын А/07 дугаар захирамжийн хүрээнд хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хориглосон бүсэд нэвтэрсэн малыг нэгдсэн самналтаар тууж гаргах, хашаалах ажлыг өнөөдөр /2024.03.09/ эхлүүллээ.
Тус ажил хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хороодын удирдлага, албан хаагчид маань НЗДТГ болон харьяа агентлагуудын албан хаагчидтай хамтран оролцож байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор мал аж ахуй эрхлэх бүсийн хил хязгаарыг шинэчлэн баталсан. Дээрх тогтоолын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооноос бусад хороодыг мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болгон тогтоосон.
Гэвч иргэд мал нэвтрэхийг хориглосон бүсэд хариулаггүйгээр мал бэлчээснээс болж авто замын хөдөлгөөнд саад учруулах, осол гэмтэл үүсгэх, ногоон байгууламж гэмтээх, хог хаягдал үүсгэж орчныг бохирдуулах зэрэг асуудлууд үүссээр байна.
 
Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол зүйч, тогооч нарын дунд туршлага солилцох арга хэмжээ Баянхошуу инкубатор төвд боллоо.
Тус арга хэмжээг хүүхдийн шим тэжээлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн ашиглан хоолны шинэлэг жор, технологи боловсруулан нэр төрлийг нэмэгдүүлэх, шим тэжээлийн дутагдлыг бууруулах зорилгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол зүйч, тогооч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, чадавхжуулах зорилгоор зохион байгууллаа. Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн төрийн болон хувийн сургуулийн өмнөх боловсролын 116 байгууллагын хоол зүйч, тогооч нар ур чадвараа сорин өрсөлдсөнөөс гадна судалгаанд үндэслэн “ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН ОНЦЛОГ, САЙЖРУУЛАХ БОЛОМЖ” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Өнөөдрийн арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан Боловсролын хэлтэс, Сургуулийн өмнөх боловсролын Амжилт-6 дугаар бүс, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний асран хамгаалагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ Баянхошуу амбулаторийн Эрүүл мэндийг дэмжих төвд өнөөдрийн турш үргэлжилнэ.
Дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй 9427 иргэн байдаг бөгөөд тэдний асран хамгаалагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж хомс байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулснаар хоёрдогч хүндрэлээс сэргийлэх, өөр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Өнөөдрийн үзлэгээр чих хамар хоолой, мэдрэл, гэмтэл, рентген, нүд, дотор, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхон үзлэг явагдах бөгөөд Сүрьеэ, Эмчилгээний хоол зүй, Хөдөлгөөн засал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн сэтгэл зүйч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл хүргэн, Очирттулга байгууллагын тусгай хэрэгслүүдийн танилцуулгыг хүргэнэ.
 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүнд машин механизмын операторчин мэргэжлээр сургаж, ажлын байраар хангах “МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ ЗАЛУУС” төсөл өнгөрсөн 12 сард хэрэгжүүлж эхэлсэн.
Өнөөдөр төслийн хаалтын үйл ажиллагаа болж хоёр сарын хугацаанд “Хүнд машин механизмын оператор” мэргэжлээр суралцсан 43 залууст чадамжийн гэрчилгээг гардуулан өглөө. Мөн арга хэмжээний үеэр “КА майнинг” болон “Эм жи эл акуа” компаниудаас тус залууст ажлын байрны урилга өглөө.
Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, өндөр үнэлгээтэй уг мэргэжлээр суралцан төгсөж, уул уурхайн компаниуд болон барилгын компаниудад байнгын ажлын байранд ажиллах үүд хаалга нээгдсэнд баяртай байна. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Дашрамд төсөлд хамрагдах залуусыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн ажил олгогч байгууллагуудын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, 80 хүнээс ярилцлага хийх замаар 43 суралцагчийг сонгон шалгаруулж авсан юм.
Сонгинохайрхан дүүрэг 2022-2024 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл ирэх 2024 онд үргэлжлэх бөгөөд мөн адил 43 хороодоос иргэдийг сонгон шалгаруулж мэргэжлийн сургалтад хамруулна. Ирэх оны төсөлд эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж байна.
 
“Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдэвт бүсийн хөгжлийн талаарх уулзалт Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /2024.02.19/ боллоо. Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цуврал уулзалтуудаа өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд анхны уулзалтаа Таван шар, Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар 3, 4, 18, 19, 24, 26, 27, 35, 36, 38, 40, 41 дүгээр хороодын Засаг дарга болон холбогдох төлөөллүүдтэй хийж, санал бодлыг нь сонслоо.
Энэ үеэр уулзалтад оролцож буй Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон холбогдох төлөөллүүдэд тухайн бүсийн 12 хорооны нийгэм, эдийн засгийн байдал, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж болон хотын төвөөс алслагдсан хороодыг бүсчилж хөгжүүлсэнээр эдийн засгийн таталцал хэрхэн эерэг байдлаар өөрчлөгдөх талаарх судалгааг танилцуулав. Мөн Таван шар, Толгойт бүсийн тухайд гэр хороолол ихтэй, тэр хэрээр хороо бүрд тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг хөндөж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогод тусгагдсан “Улаанбаатар хот–Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн үзэл санааг тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрийн онцлог, хүн ам, эдийн засгийн нөөц, чадавхад тулгуурлан оновчтой тодорхойлж, саналуудаа нэгтгэж ойрын хугацаанд эргэж танилцуулахыг даалгалаа.
Сонгинохайрхан дүүрэг 2024 оны 02 дугаар сарын 16-ны шилжих шөнө орсон цаснаар Зам цэвэрлэгээний найман байгууллагуудыг бэлэн байдалд ажиллуулж, өглөөний 05.00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацах ажлыг эхлүүлсэн.
Дүүргийн зам цэвэрлэгээний найман байгууллага 211 зам талбайн үйлчлэгч, 30 жолооч ачигч, инженер техникийн 10 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Мөн тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, 2 автогрейдр, 2 бобкат, 3 ковш трактор, явган замын цас үлээгч 8 төхөөрөмжтэйгөөр нийт 30 машин, техникээр 19 тн давс, 79 тн бодис, 5 м3 хайрга дайргыг цацаж замын зорчих хэсгийг чөлөөлөн ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд 268,5 тн давс, 137 тн бодис, 86 м3 дайрганы нөөцтэй байгаа юм.
 
Монгол-оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдад ОХУ-ын гэгээрлийн яамны дэргэдэх олон улсын хамтын ажиллагааны төвийн хэрэгжүүлж буй “Орос багш хилийн чандад” төслийн хүрээнд ном, сурах бичиг гардуулах арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, ОХУ-с Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Евсиков Алексей Николаевич болон ОХУ-ын элчин сайдын яам болон БШУЯ-ны холбогдох төлөөллүүд оролцлоо.
Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 320 дугаар тогтоолоор Монгол–Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургууль болгон шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд Монгол-Оросын хамтарсан сургалтын хөтөлбөрөөр 1 дүгээр ангид 4 дүгээр хорооны 127 суралцагч элсэн суралцаж байгаа бөгөөд 1 дүгээр ангийн 5 бүлгийн 127 сурагчдад ОХУ-ын дөрвөн багш багшилж байна.
 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт хэсгийн малчин Т.Шагдарсүрэн, Г.Эрдэнэчимэг нар "Улсын аварга фермер”-ийн болзол ханган сар шинийн босгон дээр аварга фермерийн шагналаа гардан авлаа. Мал сүрэг тарган, сүү сааль ундарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.