
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар болон бусад албаныхан СХД-ийн 4, 20 дугаар хороонд ажиллалаа. Тус хороодод ажиллах үеэрээ орон сууцны хороолол дунд газрыг зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд, машины сэлбэг борлуулж буй иргэн Батсайханы зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах чиглэл өгөв.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш ажилчдын орон сууцны барилга бариулах газрыг чөлөөлөх ажлыг явуулж эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус ажлыг эрчимжүүлэн энэ онд багтаан дуусгах чиглэлийг өгч, 2025 онд тус орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

4 дүгээр хороонд байрлах Монгол-Оросын хамтарсан сургуулийн ойролцоо цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай байгуулж хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бүтээн байгуулалтыг байгуулахаар боллоо.


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар ЗДТГ болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчдын хамт хороодын нутаг дэвсгэр дээрх тохижилт нийтийн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын ажлууд дээр хяналт тавьж ажиллалаа.Сонгинохайрхан дүүргийн 14,15,16,17 дугаар хороодод ажилласан бөгөөд тус хороодын Засаг дарга нар хороонд зайлшгүй шаардлагатай тохижилт, гүйцэтгэл удааширсан хөрөнгө оруулалтын ажилтай танилцав.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар “Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс тохижилт, нийтийн аж ахуйн ажил болох нийтийн эзэмшлийн зам талбай, гэрэлтүүлэг, замын нөхөөс, тоглоомын талбайн эвдрэл гэмтлийг засварлах ажлыг дүүргийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа. Иймд өнөөдрийн ажилласан хороодын нутаг дэвсгэрт хашаа, хайс, тоглоомын талбай, саравч, сүүдрэвч, тоглоомын талбайн шал, замын нөхөөс зэргийг засварлах шаардлага байна. Мөн хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед хүүхдийн тоглоомын талбай зорчих хэсэг аюулгүй байх ёстой. Тэр үүднээс иргэдийн зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах”-ыг анхаарууллаа.

Мөн үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар холбогдох удирдлага, албан хаагчдад дараах үүрэг чиглэлийг өгч, шийдвэрлэхээр боллоо.
14 – р хороо 23а байрны хажуугаар 34-ийн гүүр рүү өгссөн замын нөхөөсийг үргэлжлүүлэх
15 – р хороо Гар бөмбөг болон сагсанбөмбөгийн талбайн шалыг засварлах цутгаж, Хашаа хайсыг янзлах, Гэрэлт гудамжны гэрлийг солих
16-р хороо – Тус хороонд хийгдэх автомашины зогсоолын зураг төсвийг яаралтай хийлгэж 2025 оны төсөвт тусгуулах
17-р хороо - Замын нөхөөс, Хөлбөмбөгийн талбай, Хашаа хайс засварлах, хүүхдийн тоглоомын талбай сэргээн засварлах
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар ЗДТГ-ын хот нийтийн аж ахуй хариуцсан хэлтэс, тасгийн албан хаагчдын хамт Өнөр бүс буюу нэгдүгээр хорооллын арын зам дагуух тохижилт болон зам талбай, явган хүний замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
2021 онд нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байрлуулсан гарааш, контейнерыг нүүлгэн шилжүүлж тус дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороодыг дамнасан дугуйн зам, явган зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус тохижилтын ажлыг хүлээж аваад нэг жилийн хугацаа өнгөрсөн ч эвдрэл, гэмтэл үүсэж шинэчлэн засварлах ажил их байгааг СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар онцолж, холбогдох удирдлага, албан хаагчдад дараах үүрэг чиглэлийг өглөө.
• Гараж буулгасан талбайн дутуу ажлыг гүйцээх
• Явган хүний замын эвдрэл, гэмтлийг засварлах
• Хог тээвэрлэлтэд анхаарах
• Замын нөхөөсийг үргэлжлүүлэх
• Нэгдүгээр хорооллын арын зам дагуух амралтын талбайн тохижилтыг гүйцэтгэсэн компаниудад эвдрэл үүссэн тоглоомын талбай, эд хогшлыг дахин засварлахыг даалгах
• Ил задгай худалдаа эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шаардлага хүргүүлэх

Харшлын эсрэг хамтдаа уриан дор “Шарилжгүй Сонгинохайрхан” дүүрэг аяныг дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатарын санаачилгаар өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд иргэдийн бүлгийн 185 ажилтан ажиллаж шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэгээг тогтмол хийж байна.
Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой бөгөөд 18 нь байшин хороолол бол бусад нь гэр хорооллын хороод байдаг. Тэгвэл байшин хорооллын нэг болох 19 дүгээр хороо буюу иргэдийн нэрлэж заншсанаар 21-р хорооллын автобусны буудал дээр бага үдийн дараахан иргэдийн бүлгийн 5 ажилтан ногоон байгууламж бүхий хашаан доторх хөл газрын ургамлыг хайчтай нь хайчилж, хадууртай нь хадаад тун завгүй. Тэднийг 19-р хорооны Олон нийтийн байцаагч С.Наянцэцэг гуай чиглүүлэх бөгөөд тэдэнд “Маскаа сайн зүү, хадуураа болгоомжтой ашигла” хэмээн зааварчилна.

Олон нийтийн байцаагч бол хорооныхоо булан тохой бүрийг хоггүй, цэвэр байлгахын тулд өдөр, шөнийн алинд ч хичээн ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч юм. Тэрбээр “Шарилжгүй Сонгинохайрхан” аян эхэлснээс хойш ЗДТГ-аас хуваарилж өгсөн иргэдийн бүлгийн 5 ажилтны хамт хорооныхоо орон сууц орчмын зэрлэг, хөл газрын ургамлуудын 50 гаруй хувийг цэвэрлэсэн тухайгаа бидэнтэй хуваалцлаа.
19 дүгээр хорооны Олон нийтийн байцаагч С.Наянцэцэг “Иргэдийн бүлгийн 5 ажилтны хамт өглөөний 07:00 цагт ажлаа эхэлдэг. Бид хуваарийн дагуу өдөр бүр 16:00 цаг хүртэл ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс хороодод хүн хүчээр нэмэр болохын сацуу зориулалтын хадуур, бээлий, маск зэргээр хангасан. Зориулалтын хадуур хэрэглэснээр 4-5 хүний ажлыг хөнгөвчилж байгаа учраас ажил үр дүнтэй, хурдан явж байна. Өмнө нь зориулалтын багаж хэрэгсэл, ажиллах хүн хүч хомс байх үед зам талбайн үйлчлэгчдийн цэвэрлэж чадаагүй маш их талбай үлддэг байсан. Энэ аян бол бүх оршин суугчдын эрүүл мэндийг бодсон арга хэмжээ болж байгаа учраас манай хорооны иргэд, ААН, төрийн байгууллагууд хамтран шарилж цэвэрлэх ажилд идэвхтэй оролцож байна” гэлээ.

Шарилж цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа болоод ч тэр үү, тус хорооны орон сууцуудын ногоон байгууламж, хананаас хананы хоорондох зурвас хэсгүүд хоггүй, шарилжгүй цэмцгэр харагдана. Байрныхаа хойд буланд шарилжаар бухал овоолсон хүн бол “Тохилог” СӨХ-ны байцаагч Д.Цэцэгмядаг. Тэрбээр 7 хоногийн өмнө зарласан аяны хүрээнд хорооныхоо хэмжээнд хариуцан ажилладаг 6 байрныхаа гадна талбайг ямар ч шарилжгүй болгосон хөдөлмөрч эмэгтэй. Түүнийг “Тохилог СӨХ”-ны оршин суугчид ургамлын харшил дэлгэрч хүүхэд, хөгшидгүй өртөх болсон энэ үед орчноо ямар ч шарилжгүй болгож өгсөнд талархаж байгаагаа илэрхийлэн “Мундаг шүү” гэж урамшуулдаг гэнэ. Иймд Л.Цэцэгмядаг гуай Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас зарласан хоёр сарын хугацаатай аянд нийт оршин суугчдыг нэгдэхийг уриаллаа.

Эрүүл мэндийн байгууллагаас хөл газрын харшил үүсгэгч ургамлын тоосжилт эхлэхээс өмнө буюу өдийд хадалт, тайралт зэргийг хийх нь үр дүнтэй байдаг. Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир зургаадугаар сарын сүүлийн долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл гурван удаагийн давтамжтай тайралт хийх шаардлагатай гэж зөвлөсөн байдаг.

“Шарилжгүй Сонгинохайрхан” аяны хүрээнд иргэдийн бүлгийн 185 ажилтан зам талбайн цэвэрлэгээний байгууллагуудтай хамтран өнөөдрийн байдлаар 43 хорооны 106240 мкв талбайн 241.6 тн шарилжийг 68 удаагийн рейсээр төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллажээ.

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.08.05/ боллоо. Хурлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар удирдан явуулж өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.
Энэ үеэр Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны дарга нар цаг үеийн нөхцөл байдал болон Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй Улс,Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, Гараж, хашаа хайс чөлөөлсөн талбайн тохижилт, Өвөлжилтийн бэлтгэл, Боловсролын байгууллагын бүтээн байгуулалтын явц зэргийг танилцууллаа.
Хурлын үеэр дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нийт удирдлагууд “Дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хот нийтийн аж ахуй, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон явган хүний зам талбайн нөхцөл байдлыг газар дээр нь явж ажиллаж танилцуулах, Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагууд ажлын уялдаагаа сайжруулан, тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.
Мөн холбогдох удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажлын зураг төслийн ажлын даалгаврыг яаралтай боловсруулж дуусган, ажлаа эрчимжүүлэх
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд гэрэлтүүлгийн шон дээр байгаа кабел утасны асуудлыг цэгцлэх
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх
-Нутгийн захиргааны бүх байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга, хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах
-Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах
-Хичээллийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулах
-Газрын асуудлыг шийдвэрлэсэн сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах
-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг хянаж, стандарт хангуулах
Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын төлөөлөгчдийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Д.Ундармаа, Засаг дарга Б.Хуягбаатар нар хүлээн авч уулзлаа. Изүнокүни хотын төлөөллүүд жил бүр уламжлал болон Сонгинохайрхан дүүрэгт хүрэлцэн ирдэг бөгөөд энэ удаагийн уулзалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатартай найрсаг хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх болон хамтын ажиллагааг өргөжүүлэн Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Сонгинохайрхан дүүрэг болон Изүнокүни хотын хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны байдлаар Япон улсын 90 гаруй сурагч Сонгинохайрхан дүүрэгтээ танилцаад байна. Энэ удаагийн сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын 19 хүүхэд, 2 багшийн хамт Хөгжил цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-т амарч, монгол соёл, зан заншилтай танилцах юм.

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” арга хэмжээний хамгийн сонирхолтой хэсэг бол Монгол туургатны Соёлын биет бус өв уламжлагчдын урлагийн тоглолт байдаг. Тэгвэл хүн амынхаа тоогоор нийслэлд хоёрт жагсдаг Сонгинохайрхан дүүргийн хувьд жил бүрийн “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцдог бөгөөд энэ удаа соёлын биет бус өв тээгч 32 өвлөн уламжлагч нар язгуур урлагийн тоглолт наадамчин олонд толилууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Д.Хуягбаатар дүүргийнхээ соёлын өргөөгөөр зочлох үеэрээ соёлын биет бус өвлөн уламжлагч нарт хандан “Та бүхэн бол соёлын үнэт өв, монгол үндэсний уламжлалт түүхийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд гар бие оролцож, дэлхийн хаана ч байхгүй хүмүүжлийг хойч үедээ өвлүүлж байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж өөрсдийнхөө авьяас билиг, үнэт цагаа зориулж буй та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ цаг үед хамт байж өв уламжлалаа дэлхийд таниулах соён гэгээрүүлэх их ажилд хамтран оролцож байгаа нь нэр төрийн хэрэг” хэмээн хэллээ.
Сонгинохайрхан дүүрэгт нийт 300 гаруй өвлөн уламжлагч амьдардаг бөгөөд тэдгээрийн зарим нь язгуур урлагийн биет бус өвийг 14 дэх үедээ өвлөн уламжилж байгаагаараа онцлогтой юм.
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” арга хэмжээ хүй долоо худагт зохион байгуулагдаж байна. Тус даншиг наадмыг өнөөдөр /2024.08.03/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж нар нээж хүрэлцэн ирсэн наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ жилийн Даншиг наадам нь нийт монгол туургатны өвөрмөц онцлог, соёлыг сурталчлан таниулахад анхаарч байгаагаараа онцлог бөгөөд хүй мандлын ногоон зүлгэн дээр Нийслэлийн есөн дүүргийн өвлөн уламжлагчид цуглан олон улсын зочид төлөөлөгчид болон наадамчин олонд үндэсний өв соёл, түүхэн уламжлалаа сурталчлан, түгээн дэлгэрүүлж байна.

Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар дээр нүхэн гарц хийх ажил үргэлжилж байна. Өнөөдөр /2024.08.03/ Таван шарын гарамын нүхэн гарцын байгууламж дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар болон төсөл хэрэгжүүлж буй ААН, туслан гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд ажиллалаа.

Тус байгууламжийн гүйцэтгэл ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас удаашралтай байгаа бөгөөд хотын удирдлагууд төсөл хэрэгжүүлэгч ААН-ын төлөөллүүдэд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 9 дүгээр сар гэхэд нээх тал дээр анхаарч ажиллахыгНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо.

Нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр ба Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь бөгөөд 4 тунелтэй. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотоос баруун зүгт гарах автомашины урсгал саадгүй болж түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн Улаанбаатар төмөр замын зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдэж авто замын сүлжээтэй давхцахгүй болох юм.
Сонгинохайрхан дүүргийн хороодын удирдлага, ЗДТГ-ын дотоод болон дэргэдэх хэлтэс албадын дарга нарын шуурхай хуралдаанаар цаг үеийн болон хороодод хэрэгжиж буй бүтээн байгуулалт, тохижилтын асуудлыг хэлэлцлээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар хэлэхдээ, “Төрийн удирдах болон гүйцэтгэх шатны албан хаагчдын зохион байгуулалт, цаг ашиглалтаас шалтгаалан маш олон ажил удаашралтай байна. Иймд байгууллага дундын уялдаа холбоог сайжруулан ажлын гүйцэтгэлд анхаарч бүхий л ажлыг сэтгэлээсээ шуурхай гүйцэтгэх хэрэгтэй" байгааг тодотгов.
Харин Хороодын Засаг дарга нар Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын эхлэл, дунд шатны гүйцэтгэлд онцгойлон анхаарч ажиллах, мөн иргэдээс гэр хороолол дахь авто зам, гэрэлтүүлэг, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны хорооллуудын фасад, дээвэр, лифт, орц гарцны асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтүүд ихээр ирж байгааг уламжлав.
Шуурхай хурлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар хороодын засаг дарга нар болон ЗДТГ-ын дотоод болон дэргэдэх хэлтэс албадын дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийх ажлын жагсаалтыг гаргаж, танилцуулах
“Шарилжгүй Сонгинохайрхан” дүүрэг аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийг өргөнөөр татан оролцуулах
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийх шаардлагатай ажлуудын саналыг боловсруулах
Хороон дээр хийгдсэн бүтээн байгуулалтын арчилгаа, байнгын ажиллагааг хянах
Хог тээвэрлэлттэй холбоотой асуудлыг орхигдуулалгүй холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах
Замын нөхөөс хийх зэрэг төлөвлөгөөт ажлуудыг үргэлжлүүлэхийг үүрэгдэв.