“Ажилдаа явлаа” гээд эхнэр хүүхдээ үнсээд гарсан хүн маргааш нь ирэхгүй үүрд явсан байж болох тийм л эрсдэлтэй ажил, албыг Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид гүйцэтгэдэг. Тэд халуун нурам,  дүрэлзсэн улаан галыг  унтраан, аюул ослоос бусдыг авран хамгаалаад буцах зам хамгийн сайхан гэж ярина. Бусдын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэх тангарагтай, эгэл хүмүүсийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн Салааны захирагчийн туслах, ахлах ахлагч У.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргээд, 18 настайдаа байгууллагынхаа босгыг давснаас хойш өдгөө 21 жил өнгөрчээ. Энэ хугацаанд объектын болон ой, хээрийн хэд хэдэн томоохон гал түймрийг унтрааж аюул осол гамшгийн нөхцөл байдлаас олон хүний амь нас, эд хөрөнгийг аварсан “Нэргүй” баатар түүнтэй ярилцлаа.


-Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой удахгүй болно. Ойн баяраараа дүрэмт хувцсаараа гоёод, мэргэжлээрээ бахархдаг хамгийн сайхан өдөр байдаг болов уу. Таны хувьд хамт олныхоо юугаар нь илүү бахархдаг вэ?

-Онцгой байдлын байгууллагын алба хаагч гэсэн мэргэжил, ажлын нөхцөл нь хүнд хэцүү ч олон хүний амь нас, эд хөрөнгийг авардаг сайн үйлс учраас мэргэжлээрээ, бас хамт олноороо их бахархаж явдаг. Олон залуусын дунд мөр зэрэгцэн алхаж явах сайхан шүү дээ. Ялангуяа баяр ёслолын үеэр Төрийн далбааныхаа дор ёслолын хувцсаараа ижилсээд жагсаж явах шиг бахархалтай зүйл үгүй санагддаг.

 

Ажил мэргэжлийн хувьд сэтгэл гонсойж, харамсаж, халаглаж байсан үе бий юү?

-Гал түймрийн дуудлагаар биднийг очиход нөхцөл байдал ямраар ч эргэж болно. Галын дуудлагаар цаг, минуттай уралдсаар очиход  уур бухимдалтай хүмүүс, өнчрөл хагацал, гэр нь үнс нурам болсон, нэг гэр бүлийн хүмүүс амь насаа алдсан гээд л олон хүнд нөхцөл байдалтай нүүр тулдаг. Мөн аливаа аюул ослоос өөрийгөө авч гарах чадваргүй бяцхан хүүхдүүд амь насаа алдсан байхад хамгийн их харамсаж, элэг эмтэрдэг. Ийм харамсалтай зүйлс олон тохиолддог. Иргэд галын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг мэдээлэл хомс, эсвэл хэнэггүй, тоомжиргүй зангаасаа болж бага насны хүүхдүүдийг аюултай байдалд оруулдаг. Ялангуяа гэр хорооллын нөхцөлд хүүхдүүдээ гэрт нь гаднаас нь цоожлоод явчихдаг. Үүнээс болоод хүүхэд нь амь насаа алдах тохиолдол гардаг. Нэгдүгээр хорооллын орчимд эцэг, эх нь бага насны хүүхдүүдээ эзгүй орхисон хойно гэр нь шатаж хоёр, дөрөв, зургаан настай гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

Хүүхдүүдийн аав түр хугацаанд гадуур гарахдаа гэртээ хүйтэн оруулахгүй гэж гаднаас нь том цоожоор цоожлоод явчихсан байгаа юм. Гэрт нь гал гарах үед хүүхдүүд гарч чадалгүй байсаар хамгийн бага дүүгээ тэвэрч, нэгийгээ хамгаалсаар галд нас барсан харамсалтай явдалд сэтгэл минь их өвддөг. Бас ээж, аав нь хүүхдийнхээ амь насыг авраад өөрсдөө галаас гарч чадалгүй нас барчихсан, хүүхэд өнчирч хоцрох харамсмаар зүйлс их бий. Тийм болохоор эд хөрөнгөөс илүү нэг, хоёр ч байсан хамаагүй хүний амь насыг аврах нь бидэнд хамгаас чухал байдаг.

-Хүний амь насыг аварна гэдэг маш том буян. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүний амь насыг авран хамгаалсан бэ?

-Би аварч байсан хүмүүсээ огт тоолж байгаагүй. Хүний амь аварна гэдэг ганц хүний хийх ажил биш, баг хамт олны л ажил үүрэг байдаг. Тухайн хүнд нөхцөл байдлаас нэг ч гэсэн хүнийг эсэн мэнд цаг алдалгүй аварч, аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж дууссан нөхцөлд бүгд сэтгэл тэнүүн болж, багийнхаа залуусаар бахархах сэтгэл их төрдөг. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Хилчин хотхоны хоёр давхрын айлд гал түймэр гарахад нэгээс зургаан давхар, мөн коридор хүртэл гал түймэр тархаж, оршин суугчид нь гарч чадахгүйд хүрсэн байсан ч манай ангийн албан хаагчид шуурхай ажиллаж, тэнд байсан 57 орчим хүний амь насыг авран хамгаалахад их сайхан санагдаж байсан. Энэ бол их сайхан мэдрэмж.

-Хүмүүсээс талархлын үг хэр их сонсдог вэ?

-Бид ихэвчлэн амь насыг нь аварсан хүмүүсээс баярлалаа гэдэг үгийг сонсч байгаагүй. Яагаад гэвэл аварч байгаа хүмүүс маань их, бага хэмжээгээр угаартаж, ухаан алдсан, эсвэл хэт их сандарч цочирдсон байдаг учраас шууд л яаралтай тусламж руу ханддаг. Тиймээс тэр бүрийд баярласан, талархсанаа илэрхийлэх боломжгүй. Харин сүүлийн үед цахим орчинд талархлаа илэрхийлдэг болсон байна билээ.

https://news.mn/r/2152818/ 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд