Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Хотын Захирагчийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагууд хүлээн авч, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
“Анх 2014 онд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нэртэйгээр ашиглалтад орсон. Нийт 130 га газартай ч одоогоор 20 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Яг одоо манай зогсоолд 2600 автомашин байна. Компани 27 ажилтан, албан хаагчтай. Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үе шаттай хэрэгжиж байгаа” гэж “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал К.Олимпиад хотын Захирагчид танилцуулав.