Нийслэлийн Засаг дарга 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэн, гэрээ байгуулж орчны газарт тохижилт хийх нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 1034 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган нягталж, газар ашиглах эрх олгогдсон 499, эрх баталгаажуулаагүй 535 СӨХ байна.

Нийт СӨХ-дод газар баталгаажуулах, гэрээний хугацааг сунгуулах, газар ашиглалттай нөхцөл байдлын талаарх иргэдийн саналыг ирүүлэх тухай албан тоот хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 159 СӨХ-ны хүсэлт, санал ирээд байна.

Орон сууцны орчны газрыг СӨХ-дод ашиглуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, оршин суугчдаас орчны газрын ашиглалтыг сайжруулах талаарх санал хүсэлтээ холбоогоороо дамжуулан илэрхийлэх боломжтой.

Иймд орон сууцны оршин суугч иргэд энэхүү ажилд идэвх санаачлагатай оролцож, ойр орчны газраа тохижуулах өөрсдийн саналаа СӨХ-оороо дамжуулан Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ирүүлэхийг уриалж байна.

Хүсэлтдээ энэхүү аянтай холбоотой хийгдэх үйл ажиллагааны талаарх оршин суугч иргэдийн саналыг тусгах, мөн СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн орон сууцны орчны газрын кадастрын зураг, хорооны Засаг даргын санал зэрэг бичиг баримтыг хавсарган ирүүлснээр газрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болно.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд