Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил энэ хавраас эхэлнэ. Харин эл ажлыг хариуцсан “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржтой энэ талаар ярилцлаа.
-Бүтэшгүй санаа мэт санагддаг байсан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын сонгодог жишээ нь “Хилчин” хотхон боллоо гэж бодож байна?
-Тийм ээ. Гол нь, “Хилчин” хотхоны 168 айл эвлэлдэн нэгдэж чадсан. Тэдний амьдарч буй орчноо өөрчилье гэсэн санаачилга дээр БХБЯ, НЗДТГ, НҮБ-ын “Хабитат” төслийнхөн хамтран ажилласнаар амжилттай хэрэгжсэн хэрэг. Иргэд надаас манайх хэзээ дахин төлөвлөлтөд орох вэ гэж асуудаг. Үнэндээ, энэ эрхээ 2012 оны сонгуулиар олж авсан шүү дээ.

 

Харин хотын төлөвлөлтөд тусгасан ээлжээ хүлээх үү эсвэл хоорондоо эвлэлдэн нэгдэж газраа шинэчлэн зохион байгуулах уу гэдэг нь тухайн хүмүүсийн эрх. Газрын эзэд л эвлэлдэн нэгдэж чадвал энэ ажил хурдан явна. Гэхдээ “Хилчин” хотхоныхны тухайд эвлэлдэн нэгдвэл орчноо өөрчилж болдог юм байна гэдгийг харуулсан. Гэхдээ тэд инженерийн асуудлаа шийдсэн болохоос хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийн газрын асуудлыг шийдээгүй. Уг нь, инженерийн шийдлээс гадна нийгмийн асуудлаа давхар шийдсэн бол жинхэнэ ая тухтай амьдрах нөхцөл нь бүрдэх байсан. Цаашдаа бид энэ зарчмаар л ажиллана гэж бодож байгаа.


-Тэгвэл зөвхөн амьдарч буй нөхцөлөө сайжруулъя гэсэн хүсэлт хэр ирэв?
-Одоогоор манайд 23700 хүний хүсэлт ирсэн. Гэхдээ энэ тархай, бутархай. Өөрөөр хэлбэл, нэг гудамжнаас нэг л хүн саналаа өгсөн байх жишээтэй. Тиймээс энэ хүмүүст суурилан үлдсэн газар өмчлөгч рүү чиглэсэн ажил хийе гэж төлөвлөж байна. Энэ хүрээнд ч 37 бүлэг байгуулагдаж, манай мэргэжилтнүүд хамрах хүрээг нь тогтоож, сургалт явуулж байна. Өнгөрсөн жил хичээлийн шинэ жил гэж зарлан иргэдэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсанаар амьдрах орчноо хэрхэн өөрчилж болох талаарх мэдээлэл хийсэн. Учир нь, мэдлэг, мэдээлэлтэй хүн зөв сонголт хийнэ шүү дээ.
-Иргэдийн сонголтоор гэр хорооллын аль хэсэг орон сууц эсвэл амины хаус байх уу гэдгийг шийднэ гэсэн. Гэтэл манай гудамжныхан орон сууц бариулна гэж тохирсон ч ганцхан айл хаус барина гэвэл яах уу. Амьдралд ийм тохиолдол олонтаа?
-2013 оны арванхоёрдугаар сард хотын удирдлагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Эл төлөвлөлтөөр нэлээн нарийн тусгасан л даа. Гэхдээ бид захиргааны аргаасаа илүүтэй иргэдтэйгээ хамтран гэр хорооллыг хэрхэн өөрчлөх боломжтойгоо хэлэлцэн төлөвлөх ёстой юм. Үнэндээ, гэр хорооллын иргэний амьдралын баталгаа нь газар нь шүү дээ. Нийтийн, амины хаусын аль нь танд үлдэцтэй, ашгаа өгөх гэдэг талаас нь маш сайн мэдээлэл өгөх учиртай. Тиймээс л иргэд эвлэлдэн нэгдэх ёстой гэж яриад байгаа маань энэ. Хашаа, хашаагаар наймаа хийх нэг хэрэг, хамрах хүрээгээрээ хийх бас нэг өөр шүү.
-Энэ бас л амьдралд байдаг жишээний нэг. Нэг том хашаанд хүү, хүргэнтэйгээ амьдардаг айлуудын хувьд байдал яаж өөрчлөгдөх бол?
 -Газрынх нь зохион байгуулалтыг харна. Дахин төлөвлөлт эхлэхээр хэн ч хүү, хүргэнээ хаяхгүй л гэнэ. Орон сууцтай харьцуулахад Лхагваагийн хүү, хүргэнд газрынх нь багтаамжийг хараад байшин барьж болно. Хэрвээ орон сууц сонговол зөвхөн газрын эзэн Лхагватай л гэрээ яригдана шүү дээ. Тэгээд ч орон сууцанд хоёр айл амьдарна гэдэг хэцүү. Харин хаусанд хоёр айл төвхнөн зүүн, баруун талаасаа ордог байж болох талтай. Өмчийн эзэн 100 айл бус өмчийг дагасан 200 айлын асуудлыг давхар шийдэж болдог нь энэ төлөвлөлтийн ач холбогдол оршино.  
-Газраа орон сууцаар сольсон иргэний түрээсийн байрны зардлыг компани хариуцана гэж заасан. Харин хаус бариулахыг илүүд үзсэн айлуудын асуудлыг яаж шийдэх вэ?
-Ээ дээ, нийлж нэгдэнэ гэдэг бүх ажлын 90 хувь шүү. Манайхны нэг дутагдал бол хөрштэйгөө амь нэг байж чаддаггүй. Нэг, нэгнийгээ бүтэхгүй хүмүүс гэж гайхан шогширдог энэ зан уу. Гэтэл энэ ажил маань иргэдийн оролцоотой, санаачилгатайгаар нэгдэн нийлэхгүй бол явахгүй. Газар зохион байгуулалтын есөн алхамд ч эхлээд урьдчилсан төлөвлөлт-бүлэг байгуулах-мөрөөдлийн төлөвлөлт-ерөнхий төлөвлөгөө-инженерийн байгууламжийн хүчин чадал гэсэн дараалалтайгаар ажлаа хийх ёстой. Харин газар шинэчлэн зохион байгуулах ажил эхлэхэд чөлөөлсөн айлууд сүүлд хамрагдах айлын илүү гэрт түр амьдарч болно. Энэ чинь л айл саахалтын амь нэг гэдгийн жишээ биз дээ.
-Ер нь, хэдэн өрх нийлбэл хотхон бий болох боломжтой юм бэ?
-Болдогсон бол 200 өрх нийлээсэй гэж бодож байна. 200 гэдэг маань 400 гаруй хүн ам гэсэн үг. Иргэд газраа хувь нийлүүлбэл дэд бүтцээсээ гадна нийгмийн  асуудал болох сургууль, эмнэлэг, цэцэрлэг барих газар ч гарна  шүү дээ.
-Гэр хороолол нийтийн эсвэл хаус болон хувирвал жилээс жилд нөөц багасч байгаа гэж мэдэгдэх дэд бүтийн салбарт ачаалал хэр өгөх бол. Энэ талын судалгаа хийсэн үү?
-Ер нь, аль болох ачаалал өгөхгүйгээр явна. Яагаад гэвэл, нийтийнхийг бодвол амины хаусны дэд бүтцийг яаж бол яаж ч шийдэж болно. Хэсэгчилсэн дэд бүтэцтэйгээр байгальд хор нөлөө бага, технологиор дулааныг нь шийдэж болно. Хилчин хотхон яг л энэ зарчмаар дулаанаа авч байгаа. Гэхдээ даварсаар даварсаар гэгчээр энэ эцсийн зөв шийдэл гэж бодохгүй л байна. Үүнээс ч өөрөөр шийдэж болох талтай. Ямар ч гэсэн хаусыг байгальд халгүй технологиор дэд бүтцийг нь шийдэхийг зорино. Бид чинь иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг хангаж, агаарын бохирдлыг бууруулна гээд байгаа шүү дээ.
-Компаниуд хэр сонирхож ирж байна.Танайд хандах юм уу?
-Компаниуд бол бэлэн шүү дээ. Гол нь, иргэд бэлэн болох ёстой. Тэрнээс сонирхож байгаа компани зөндөө. Сонирхохгүй байхын ч аргагүй. Хаус барих нь нийтийн барилгыг бодвол техник хэрэгсэл бага шаарддаг учраас харьцангуй зардал багатай босдог. Компанийн зардал ч бага гарна. Компани сонирхохгүй бол өөрсдөө  барьсан ч болно. Болохгүй юм байхгүй.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт газрыг жинхэнэ утгаар эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна гэж ойлголоо. Бид газрыг капитал хөрөнгө болгохын тулд олон ажил ажиллаж байгаа шүү дээ?
-Ер нь, амины гэдэг ойлголт соц нийгмийн ойлголт шүү. Тухайн үед амины мал, машин гэж ярьдаг,  хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа.  Харин өнөөдөр бид иргэдэд хувийн хаус л барьж өгөх гээд байгаа юм. Харин саяхан хотын удирдлага иргэдийн оролцоотойгоор төсвөө хэлэлцэхийн тулд юу хийвэл зүйтэй вэ гэсэн саналыг нь авсан. Гэхдээ эл ажлаас юугаараа онцлог вэ гэхээр бүхий л үйл ажиллагаанд нь газрын эзэн оролцох эрхтэй. Тэрнээс хашааны эздийн өмнөөс Баттулга, Бат-үүл шийдвэр гаргахгүй. Харин зөв шийдвэр гаргахад нь бид туслах ёстой. Цэгцтэй, дэд бүтцэд холбогдсон хаус хүссэн, хүсээгүй эдийн засгийн эргэлтэд орно.
-Өөрийн гэсэн өмчтэй болж байна гэсэн утгаараа хаус бариулах сонирхол иргэдэд бий. Гэхдээ зардал өндөртэй гэдгээс л халширдаг байх?
-Үнэндээ, яаж хямд зардлаар халаах уу гэдгээ эзэн л мэднэ шүү дээ. Хүсвэл газрын өмчлөгч тендер зарлахад, барилгын компаниа сонгон шалгаруулахад бүр баригдаж байх үед нь мэргэжлийн хяналтын үүргийг гүйцэтгэсэн ч болно. Энэ чинь иргэний оролцоо. Бид ямар ч мэдээлэлгүй гэр хорооллын бүсээс судалгаа авахад 60 хувь нь орон сууцаар солино гэж хэлдэг. Харин танд ийм боломж байна гээд мэдээлэл өгөхөөр сонголт нь өөрчлөгддөг. Магадгүй, хүний амьдрал бодсончлон тэгш, дардан явахгүй байж болно. Жишээ нь, газраа 60 саяар сольсон ахмад байлаа гэж бодьё. Газраа чөлөөлөөд хотын захад нүүж, хүүдээ машин, охиндоо худалдааны төвд лангуу авч өгч. Жилийн дараа наймаа мэдэхгүй охин нь дампуурч, өнөөх амин зуулга болсон машин нь эвдэрвэл  яах уу. Тэгэхээр иргэдэд энэ талын мэдээллийг маш сайн өгвөл гэр хорооллыг төлөвлөх ажил саадгүй явна.
-Тийм шүү. Ямар хотод амьдрахаа гэр хорооллынхон л шийднэ?
-Миний бодлоор төрөөс татаас авахгүй амьдарч байгаа хүмүүс бол гэр хорооллынхон. Яагаад гэвэл, орон сууцныхан улсын төсвийн хөрөнгөөр дээвэр, лифтиндээ засвар үйлчилгээ хийлгэдэг байх аа. Хэрвээ энэ хүмүүс хувийн хаус сонговол орон сууцны засварт зарцуулах улсын мөнгө хэмнэгдэнэ. Нөгөөтэйгүүр, нийтийн орон сууцанд амьдардаг хүмүүс сонгуулиар лифт сольсон, хүүхдийн тоглоомын талбай барьж өгсөн хүнийг сонгодог. Харин амьдарч буй орчноо өөрсдийнхөө санаачилгаар өөрчилсөн гэр хорооллынхон чөлөөт сонголт хийж, жинхэнэ мэдлэгтэй, чадвартай нэгнийг төрд хүргэх дуу хоолой минь гэж сонгох нь дамжиггүй.
-Өнөө үед дэд бүтцээ л шийдвэл байшин барих технологи маш хурдацтай өөрчлөгдөж байна. Газрыг шинэчлэн зохион байгуулах ажил эхэлбэл иргэд газрынхаа гэрчилгээг солиулах шаардлагатай болно. Бичиг цаасны ажил халшрамаар шүү дээ?
-Дашрамд, иргэдэд хандахад газрын албаныхан маш шуурхай ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Бичиг цаасны ажил саадгүй явна. Дахин төлөвлөлтөд орсон газрын гэрчилгээг хурдан гаргаж өгч байгаа гэж бардам хэлж чадах байна.
-Заавал хот дотор гэхгүй Нисэх, Шувуун фабрикийн иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ өгч болох уу. Амьдарч буй орчноо сайжруулахаар олон иргэн хүсэлтээ өгье гэж бодож байгаа?
-Хотын шинэ удирдлагын бүрэн эрхт хугацаа хүртэл энэ ажил хэрэгжих учиртай. Чи бид хоёрын жишээ болгон ярьсан Хилчин хотхон гэхэд харьцангуй хүнд нөхцөлтэй, уулын орой дээр шахуу газар байсан шүү дээ. Дахин төлөвлөлт хаана ч хэрэгжиж болно. Гол нь, хүсэлтээ гаргахаар шийдсэн хүмүүс надаас юу шалтгаалах вэ гэдгээ л тодорхойлоод шийдчих. Хөрш, гудамжныхантай яриад шийдчихвэл хөрөнгө мөнгө болоод барих асуудал нь төрийн ажил. Тиймээс л 180 мянган өрх зэрэг хөдөлж байж дахин төлөвлөлтийн ажил урагштай явна уу гэхээс хэчнээн захиргаадаад нэмэргүй биз дээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд