“Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагын Толгойт ОНХХ-өөс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 1 дүгээр сарын 17-ны өдөр “Нийгмийн ажлын салбар дундын хамтын ажиллагаа -2014” чуулганыг Найрамдал төвд зохион байгууллаа. 2014 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан гэр бүлд хүртээмжтэй, чанартай нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд нийгмийн ажилтнуудыг сонсох, тэдний үйлчилгээ үзүүлэхэд тулгамдсан асуудлыг шийдэх арга зам, нөөц боломжоо тодорхойлж салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дүүргийн бүх салбарын нийгмийн ажилтнуудын дунд тус чуулганыг зохион байгуулсан.
Чуулганд Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны хөгжлийн болон халамжийн нийгмийн ажилтнууд, боловсрол, эрүүл мэнд, цагдаа, хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн зэрэг 100 гаруй нийгмийн ажилтан нэгдэн чуулсан. Эдгээр нийгмийн ажилтнууд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын бодлого, зорилт, нийгмийн ажлын салбар дундын хамтын ажиллагаа, дүүргийн хүүхэд, гэр бүлийн тулгамдсан асуудал, гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг илтгэлүүдийг сонсож, таван салбар хэлэлцүүлэгт оролцон өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, арга замууд, үр дүнг хэлэлцэв.
Чуулганы төгсгөлд салбаруудын нийгмийн ажилтнуудаас гарсан зөвлөмжийг дүүргийн Засаг дарга М.Чинболдод танилцуулан гардуулсан юм.