Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах бүх нийтийн цэвэрлэгээ өрнөлөө. Дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар захирамжийн дагуу их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдоржоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Дүүргийн хэмжээнд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ 2, 3, 4, 9, 10, 11, 12, 13, 14, 18, 25, 28, 31 дүгээр хороонд 19 машинаар, Тээвэрлэлт үйлчилгээний төв 1, 16, 17, 19, 20, 22, 24, 26, 29, 30 ,32 дугаар хороонд 19 машинаар, Нийтлэг үйлчилгээний төв 5, 6, 7, 8, 15, 23, 27 дугаар хороонд 7 машинаар нийтдээ 45 хог тээврийн автомашинаар 92 рейс хогийг Нарангийн хогийн цэгт хаяжээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1355 аж ахуйн нэгж байгууллага, 6056 иргэн оролцсоноос Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын амралтын үе таарсан тул хангалтгүй, цэцэрлэг, цэргийн ангиуд идэвхтэй сайн оролцлоо.