“Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал ,шийдвэрлэх арга зам, үйл ажиллагааны шинэчлэл” сэдэвт зөвлөгөөн  өнгөрсөн Ням гаригт буюу 12 дугаар сарын 15-ны өдөр болж өнгөрлөө.

Зөвлөгөөнийг  Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, өвчлөл нас баралтыг бууруулах, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэгээс хамтран зохион байгууллаа.

 

Сонгинохайрхан дүүргийн хувьд 300 шахам мянган хүн амтай том айл. Амьжиргааны түвшин доогуур өрх айл олонтой. Дүүргийн хүн амын ихэнх нь гэр хороололд амьдардаг. Энэ хэрээрээ өвчлөл, нас баралт, эндэгдэлийн хувь өндөр гардаг. Өнгөрсөн 11 дүгээр сард Эрүүл аюулгүй байдлын индекс гаргахад олон үзүүлэлтээр улаан буюу МУУ  гарсан. Дүүргийн хүн ам  жил бүр өсч, хүн амын бүтцийн ихэнх хувийг  ядуу эмзэг бүлгийн болон шилжин суурьшигчид эзэлж, өвчлөл, нас баралт, ялангуяа ядуурал ажилгүйдлээс шалтгаалсан архидалт түүний улмаас үүсэх хүндрэл, жирэмслэлт төрөлттэй холбоотой эндэгдэл ихэсч, хүүхдийн өвчлөл нас баралт жил бүр нэмэгдэж байгаа. Иймээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлага зүй ёсоор гарсан юм.

Зөвлөгөөнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчид, НИТХ-ын төлөөлөгчид, ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга болон удирдлагууд, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагууд, иргэд оролцон илтгэл тавьж санал санаачлага, хүсэлтээ илэрхийлж чөлөөтэй ярилцлаа. Дүүргийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, үнэлэлт өгөн, сайжруулах арга замуудыг ярилцсан үр дүнтэй зөвлөгөөн болсон хэмээн дүгнэж байна.

Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга М.Чинболд хэлсэн үгэндээ:

 -Энэхүү зөвлөгөөнөөр гарах бодлого, эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан санал зэргийг хүлээн авч дүүргийн Засаг даргын эрх хэмжээ, хөрөнгө санхүүгийн хүрээнд шийдвэрлэж, санал санаачлагаа дээд байгууллагуудад уламжилж хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлсэн. Мөн ирэх жил дүүргийн 5 эмчийг мэрэгжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад хамруулна гэдгээ хэллээ.

Зөвлөгөөнөөс оролцогчид болон, олон нийтэд хандаж Уриалга гаргасан. Уриалгыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

УРИАЛГА

Зөвлөгөөнд оролцогсод:

  • Улсын их хурлын гишүүд, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд.
  • СХД-ийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох мэргэжилтнүүд.
  • СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл болон Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд
  • Хороодын засаг дарга нар, сургууль цэцэрлэгийн төлөөлөгчид, Төрийн бус байгууллагын төлөөлөгчид.

 

Тус зөвлөгөөнөөр дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцээд зөвлөгөөнд оролцогч байгууллагууд болон иргэд, олон нийтэд энэхүү УРИАЛГА-ыг гаргаж байна.

Нэг.  УИХ-ын гишүүдэд:

1. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ний 6%-д хүргэх тал дээр  анхаарч өсгөх

2. Төрийн үйлчилгээний албаны цалингийн сүлжээнээс эрүүл мэндийн салбарын сүлжээг салган өсгөх.

3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг нэн яаралтай баталж Эрүүл мэндийн  даатгалын байгууллагыг бие даалгах.

Хоёр. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газарт:

  1. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг бий    болгох, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах.
  2. Дүүргийн эмнэлэгүүдийн хүний нөөцийг бэлтгэх, хангах, сургахад онцгой анхаарсан бодлого гаргах.
  3.   “Жишиг эмнэлэг” барих барилгын ажлыг   2014 онд эхлүүлэх.
  4. Баянгол дүүргийн хүүхдийг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг харьяа дүүрэгт шилжүүлэх.
  5. Олон улсын жишигт хүрсэн яаралтай тусламжийн төв байгуулах ажлыг эхлүүлэх.
  6. Эрүүл мэндийн даатгалын сангаас архинд донтох өвчний оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, хурдавчилсан оношлуурын зардлыг санхүүжүүлдэг болгох.
  7. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх.
  8. Шинээр байгуулагдсан Салбар өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах.

Гурав. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал, Засаг даргад:

  1. Эрүүл мэндийн боловсрол олгох дүүргийн дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
  2. Эрүүл ажлын байр дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
  3. Эрүүл иргэн дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
  4.  “Архигүй- Баасан гариг” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх.
  5. Хороо бүрт “АА” бүлэг байгуулан, үр дүнгээ тооцсон байх.
  6. Хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, гадаадад дадлага туршлага эзэмшихэд дэмжлэг үзүүлэх.
  7. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдад зориулсан орон сууцыг барих.
  8. Орон сууцны 8% зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийг 20%-аас доош болгож  100 ажилтаныг хамруулах.
  9. Хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын ажил дүгнэх үзүүлэлтэнд тухайн хорооны нийгмийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг холбогдох эрүүл мэндийн байгууллагын баталгаажсан статистик тоон үзүүлэлтэнд тулгуурлан дүгнэж, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд оролцуулах.
  10. Сайн  дурын идэвхтэнийг урамшуулдаг механизмыг үүсгэн бага зардлаар зорилтот бүлгийн хүн амын эмгэгийг хялбар  илрүүлэх боломжийг бүрдүүлэх.

Дөрөв. Дүүргийн  эрүүл мэндийн байгууллагуудад  уриалга гаргах нь

  1. "Эрүүл мэндийн боловсрол олгох", "Эрүүл орчин бий болгох", “Эрүүл ажлын байр“, "Эрүүл иргэн" дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд манлайлан  оролцох.
  2. Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд “ Сэтгэл шингэсэн 8 үйлчилгээ”-г хэвшүүлсэн дүүрэг болгох.
  3. Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдох эндэгдлийн шалтгаан болох халдварт бус өвчний хөтөлбөрийг үлгэр жишээ хэрэгжүүлэх.
  4. Нийтийн биеийн тамир,чийрэгжүүлэлтийн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хүн амыг манлайлан “ Хөдөлгөөн- эрүүл мэнд” сэдэвт тэмцээн, өдөрлөгүүдийг улирал бүр зохион байгуулах.
  5.  Эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч нар судалгаа шинжилгээний ажил хийж, үйл ажиллагаандаа тусган ажиллах.
  6. Хүн амд үзүүлэж байгаа анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд дотоод нөөцөө ашиглан оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах.
  7. Бүх шатандаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлж    Эрүүл иргэнтэй Эрүүл дүүрэг болгоход манлайлан оролцох.

Тав. Дүүргийн иргэд, олон нийтэд:

  1. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын “ Эрүүл иргэн-Эрүүл дүүрэг” болох хөдөлгөөнд иргэд идэвх санаачлагатай оролцох.
  2. Дүүргээс өрнүүлэж байгаа “ Архигүй-Баасан гариг” хөдөлгөөнд идэвхтэй оролцох.
  3. Эрүүл аж төрөх дадал хэвшилтэй болох, эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэхэд суралцах.
  4.  “Хөдөлгөөн-эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд дасгал хөдөлгөөний  бүлгэмийг хороо бүрт үүсгэн байгуулаж,тогтмол үйл ажиллагаатай болох.
  5. Эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулаж байгаа сургалт, өдөрлөг, тэмцээнд идэвхтэй оролцох.
  6.  “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн” болох хөдөлгөөнд идэвхтэй оролцох.
  7. Өвчилсөн хойноо биш өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх.

2013 оны 12 дугаар сарын 15
Улаанбаатар хот

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд