Сонгинохайрхан дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын  хэд хэдэн дүүрэгтэй харилцаа хамтын ажиллагаатай ажилладагийн нэг нь Тэжон хотын Со дүүрэг юм. Өнгөрсөн 5 дугаар сард хоёр дүүрэг хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьсан бөгөөд энэ 10 дугаар сард Со дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт айлчлан ирж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд тэргүүтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс байгууллагуудын удирдлагуудыг багтаасан төлөөлөгчид 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Тэжон хотын Со дүүрэгт ажлын айлчлал хийлээ.  Со дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын урилгаар хийсэн энэ айлчлал нь тус дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах, чуулганы нээлтэд оролцох, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцох үндсэн зорилготой байлаа.

Тэжон хот нь БНСУ-ын төв хэсэгт байрладаг. Шинжлэх ухаан, боловсролын салбарт өндөр ач холбогдол өгөн хөгжүүлж,  Азийн “Цахиурт хөндий” (Silicon Valley) хэмээн алдаршин буй хот. Энд шинжлэх ухааны судалгааны дэлхийн хэмжээний томоохон төвүүд, үндэсний хэмжээний 18 их сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 7000 гаруй эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийж, маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг юм.

Мөн 1980-аад онд төвлөрлийг саармагжуулах үүднээс тус хотод Солонгосын төр захиргааны олон байгууллага  шилжин ирсэн бөгөөд одоо Солонгосын  Худалдан авах ажиллагааны газар, Үндэсний статистикийн газар, Оюуны өмчийн газар зэрэг 20 орчим Засгийн газрын байгууллага тус хотод байрладаг. Өнөөдөр Улаанбаатар хотыг дахин төлөвлөж байгаа, хотын захиргааны шинэ цогцолбор  Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирэх болсон энэ үед  Тэжон хотын Со дүүрэгтэй хамтран ажиллаж тэдний туршлага, технологиос суралцах нь манай дүүргийн хувьд өндөр ач холбогдолтой юм.

Манай төлөөлөгчид Со дүүргийн Тамгын газар, эмнэлэг, цагдаа, шуурхай удирдлагын төв, нэг цэгийн үйлчилгээний төв зэрэг байгууллагуудтай танилцаж өндөр хөгжилтэй орны үйлчилгээний, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг газар дээр нь бодитоор харлаа. Хэрэгжүүлж болох олон санаа авч мөн цаашид чиглэл чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцан тохирсон юм.

Со дүүргийн ИТХ нь байнгын үйл ажиллагаатай. Энэ сарын 20-ны өдөр Со дүүргийн ИТХ-ын чуулган эхэлсэн бөгөөд манай төлөөлөгчид нээлтэд оролцож, чуулганы нэг өдрийн хуралдаанд суусан юм. Жилийн эцсийн тайлангаа хэлэлцэж, ирэх жилийн төсөв, үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг баталдаг энэ чуулган 34 хоног хуралдах юм.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчид Тэжон хотын Со /солонгосоор баруун гэсэн үг/  дүүрэгт зочилж хоёр дүүргийнхээ хамтын ажиллагааг бэхжүүлэн, хийж бүтээх олон шинэ санаа, зорилт өвөрлөн ирлээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд