НЭГ. Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага гадаад арга хэмжээний 2013 оны тайлан, 2014 оны төлөвлөгөөг нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэх.

 

 

  • Тайлан болон төлөвлөгөөнд байгууллагын удирдлагууд хэзээ, хаана, ямар асуудлаар, хэний зөвшөөрлөөр, санхүүгийн ямар эх үүсвэрээр явсан, явахаар төлөвлөснөө тодорхой оруулсан байх.

ХОЁР. Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ”-г 2014 оны 01 дүгээр сард багтаан байгуулах бэлтгэл, зохион байгуулалтын арга хэмжээг нийслэлийн ЗДТГ, Төрийн албаны нийслэлийн салбар зөвлөл авах

  • Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөөг нийслэлийн ЗДТГ-т ирүүлэх, энэхүү төлөвлөгөөг үр дүнгийн гэрээний хавсралт болгох.

ГУРАВ. Нийслэлд 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл хангах хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв боловсруулах, техникийн нөхцөл бүрдүүлэх, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шаттайгаар хугацаа алдахгүй гүйцэтгэхэд нийслэлийн Засаг даргын орлогч нар анхаарч ажиллах.

ДӨРӨВ. Хөрөнгө оруулалтаар 2014 онд хийгдэх ажлуудын ажлын зураг, төсөв боловсруулахад зориулан нийслэлийн 2013 оны төсвөөс гаргасан 12.0 тэрбум төгрөгийн зарцуулалт, гүйцэтгэлийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон холбогдох бусад байгууллагууд нэгтгэн гаргах, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд танилцуулах.

ТАВ. Дүүргийн Засаг дарга нар Орон нутгийн хөгжлийн сангийн хувиарлагдсан хөрөнгийн задаргааг гаргаж 2014 оны 1 дүгээр сард багтаан хэлэлцүүлэх, ажил эхлүүлэх бэлтгэлийг хангасан байх.           

ЗУРГАА. Нийслэлийн хэмжээнд 2012, 2013 онд хөрөнгө оруулалтын тендерт шалгарсан ч гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, он дамжуулсан, чанарын доголдол, зөрчил дутагдал гаргасан байгууллагуудыг энэ онд тендерийн шалгаруулалтад оролцуулахгүй байх бодлого барьж ажиллах, нэрсийг зарлах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, дүүргийн Засаг дарга нар/

ДОЛОО. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд /6 ажлын хэсэг байгаа/ үнэлгээ хийх шинэ журмын дагуу бодитоор үнэлэх, ялангуяа бүтэц зохион байгуулалт, орон тоо, албан хэрэг хөтлөлтийн заавар стандартын хэрэгжилтийн талаар тодорхой санал боловсруулах.

  • Нийслэлийн ЗДТГ-ын дарга, Ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун үнэлгээний дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд оруулах.

НАЙМ. Сар шинийн баярын өдрүүдээр авах арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамжийг холбогдох байгууллагын албан тушаалтнууд хэрэгжүүлж ажиллах.

  • Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ сар шинийн баярын өмнө нийтийн их цэвэрлэгээ хийлгэх.

ЕС. Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ явган хүний замын цас, мөсний хальтиргаа гулгааг арилгуулах.

АРАВ. Нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлсэн ажлуудыг кальендарчилсан төлөвлөгөөгөөр хэрэгжүүлэх.

АРВАН НЭГ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Улаанбаатар хотын Ерөнхий зураач /дизайнер/ ажиллуулах журам боловсруулах.
                                   

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
 ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС