НЭГ. Олон улсын ахмадын өдрөөр байгууллага, аж ахуйн нэгжүүд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ харъяалалгүй ахмадуудыг дүүргийнхээ нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгжүүдэд хувиарлан харъяалалтай болгох. /Энэ үүргийн биелэлтийг дараагийн шуурхай зөвлөгөөн дээр дүүргүүдийн Засаг дарга нараас асууна/

 


ХОЁР. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдаж, 2012 оны 61 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон “Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг сурталчилах, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж тус бүрийн хариуцах талбайн заагийг тодотгож, хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлж нийслэлийн өдрийн өмнө дуусгахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Өмчийн харилцааны газар, дүүргийн Засаг дарга нар гүйцэтгэсэн байх. /Өмнө энэ чиглэлээр үүрэг өгөгдсөн ч хэрэгжилт хангалтгүй/
 
ГУРАВ. Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар байгаль хамгаалах сарын аяны хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 15-ны мод тарих өдрөөр хаана хаана тарилт хийхээ дүүргүүдтэй тохирох /Авто замын голын буюу бульворын хэсэгт гэх мэт/, мэргэжлийн байгууллагыг хэрхэн оролцуулах  зураглал, төлөвлөгөө гаргаж ажиллах.
 
ДӨРӨВ. Нийслэлийн өдөр угтаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд эхний 9 сарын байдлаар санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ тооцон хамт олондоо танилцуулах, 2013 оны үлдэж буй улиралд хийж гүйцэтгэх ажлаа тодорхойлох.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хариуцсан салбарынхаа ажлыг эхний 9 сарын байдлаар дүгнэн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах.
 
ТАВ. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны мөн үед нийслэлийн нутгийн захиргааны 14 байгууллага 73 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байснаас 15-ийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд өнөөдрийн байдлаар ямар  байгааг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс шалгаж дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх.
 
ЗУРГАА. Орон сууцны дулааны суурь хураамжийн үнэ нэмэгдсэн болон халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ХК зэрэг мэргэжлийн байгууллагууд тоног төхөөрөмжийн тохируулга хийх, дулааны алдагдал гаргахгүй байх, иргэд ая тухтай өвөлжих бүхий л арга хэмжээг авах.

  •             Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын дарга Ч.Бямбажав Орон сууц, нийтийн аж ахуйн компаниудын үйл ажиллагааны байдал, цаашид авах арга хэмжээний санал, шийдвэрийн төсөл боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах.

ДОЛОО. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Улаанбаатар хотын хөрсний усны өнөөгийн байдалд геодизийн дүгнэлт гаргуулан, үнэлгээ хийлгэсний үндсэнд эрсдлээс хамгаалах төлөвлөгөө, төсөв, танилцуулга бэлтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулах.
 
НАЙМ. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нийслэлийн Бүртгэлийн газрын дарга С.Содномдорж нар “Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух бүртгэл, мэдээллийн журам” боловсруулж НИТХ-д өргөн барих.
 
ЕС. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун 300 айлын нийгмийн халамжийн орон сууцыг ашиглалтад хүлээн авах асуудлыг шуурхайлах. Тус барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Бэрэн” ХХК-тай байгуулсан гэрээгээ дүгнэж, гэрээний хариуцлага тооцох.

  •             Нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч 300 айлын орон сууц зөвхөн ахмадуудад зориулалттай биш нийгмийн эмзэг бүлгийнхэн болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргаа  тааруу ахмадууд түр суурьших нийгмийн халамжийн сууц гэдгийг /Хувийн авто машинтай ахмадын сууц биш/ нийслэлийн ахмадуудад тайлбарлан таниулах ажил зохион байгуулах.

 
АРАВ. Нийслэлийн суурин иргэнд /2013 оны 5 дугаар сарын 30-наас өмнө нийслэлийн иргэнээр хаяглагдан бүртгэгдсэн/ гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр батлагдсан 52 байршилд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж газар чөлөөлөн, хамгаалалтад авах асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон Чингэлтэй, Баянгол дүүргээс бусад дүүргийн Засаг дарга нар 2013 оны 10 дугаар сарын 01-нээс өмнө гүйцэтгэсэн байх.

  •             Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нийслэлийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд батлагдсан суурьшлын бүсүүдэд иргэнд газар өмчлүүлэх ажлыг /Газар өмчлөлд улирлын байдал хамааралгүй/ энэ онд багтаан хийж НИТХ-д гүйцэтгэлийг танилцуулах.