Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас тамхины тусгай зөвшөөрөл олгодог тул аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас тамхины тусгай зөвшөөрөл олгоход холбогдох зүйл заалтыг түүвэрлэн оруулав 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж

            2.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль  болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан  хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан  бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

            2.3. Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай1, Газрын хэвлийн тухай2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай3,  Байгалийн ургамлын тухай4, Амьтны тухай, Ойн тухай7, Усны тухай8, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай хуулиар тус тус зохицуулна. 

/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                                                   

            3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.” аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ –гэж  тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл,  шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;

3.1.2. “тусгай зөвшөөрөл эзэмшигч “ гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ  
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ,  ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

            4 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн агуулга

4.1. Тусгай зөвшөөрөлд дор дурдсан зүйлийг тусгана:

4.1.1. тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;

4.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;

4.1.3. эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны   төрөл;

4.1.4. тусгай зөвшөөрлийн хугацаа

4.1.5. тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд  тавих нөхцөл, шаардлага;

4.1.6. тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;

4.1.7. тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/.

 5 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ

5.1. Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна.

5.2. Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр  чөлөөтэй эрхэлж болно.

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 5.3. Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж  үл болно.

5.4. Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.

/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

6.1. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.

6.2. Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно.

6.3. Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.        

6.4. Тусгай зөвшөөрлийн  нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

            7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох журам 

7.1. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр  заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв  байгууллага олгоно.

7.2.Хуульд заасан бол хүнсний чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.3. Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой  нарийвчилсан журмыг тус тусын  хуулиар зохицуулна.

7.4. Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно

8 дугаар зүйл. Хориглох аж ахуйн үйл ажиллагаа

8.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

8.1.1. хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах;

/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим ,шаардлага

9.1. Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална:

9.1.1. улс орныг батлан хамгаалах болон  аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

9.1.2. аж  ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;

9.1.3. ил тод, шуурхай байх ;

10 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх 

11 дүгээр зүйл.  Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

11.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ :

11.1.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;

11.1.2. тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

11.1.3.тусгай зөвшөөрөл  хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.1.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

11.1.5. тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд  заасан бусад баримт бичиг;

11.1.6. энэ хуулийн  15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4.-15.10.6; 15.10.14; 15.11.1; 15.11.2; 15.12.1-15.12.6-д. заасан аж ахуйн  үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.

/Энэ заалтад 2005 оны 7 дугаар 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардаж болохгүй.

11.3.Энэ хуулийн 15.10.5, 15.10.6-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа 30 хоногийн дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

`12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох 

12.1. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол  өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

12.2. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж  бичгээр хариу өгнө.

12.3. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.

12.4. Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно.

12.5.Энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл.  Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

13.1. Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага  түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

13.2. Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн  дотор бичгээр мэдэгдэнэ.

13.3. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.

14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

14.1. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

14.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан

14.1.2. хуулийн этгээд татан буугдсан;

14.1.3. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ;

14.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

14.1.5. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

14.1.6.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.2. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар  тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж  ахуйн үйл ажиллагааны төрөл

15.1. Энэ зүйлд  заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.

15.10. Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр   

15.10.14. тамхи импортлох;

16 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгох аж ахуйн үйл ажиллагааны төрөл

16.3. Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:

16.3.4. тамхи худалдах.

/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ  
БУСАД ЗҮЙЛ

17 дугаар зүйл.  Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг шийдвэрлэх
 

 17.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг   тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд  шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

            18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

18.1. Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

18.1.1. энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 - 50000, хуулийн этгээдийг 100000 – 250000 төгрөгөөр торгох ;

18.1.2. энэ хуулийн 7.2-ыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000–50000, хуулийн этгээдийг 100000–250000 төгрөгөөр торгох;

18.1.3. энэ хуулийн 5.3-ыг зөрчсөн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

18.1.4. хуурамч бичиг баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 – 50000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

18.1.5. энэ хуулийн 6.3, 11.2, 12.1, 12.4, 13.2, 14.2-ыг зөрчсөн  албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох.

18.1.6.энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд 10000000-20000000 хүртэл төгрөгөөр торгох.

/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

            18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

18.1.Энэ хуулийн 6.3, 11.2, 12.1, 12.4, 13.2, 14.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/