Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Хүртээмжтэй орчин, загвар дүүрэг” аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100 аж ахуйн нэгжийн дунд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх арга зам” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөл 10 байгууллага дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “Хөгжлийн төв” байгуулах санал санаачлагыг дэмжин ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэг 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй бөгөөд үүнээс 1000 орчим нь хүүхэд байна.   

 

СХД-ийн 9-р сургуулийн хичээлийн 2-р байранд 2782 сурагч суралцаж, 162 багш ажилчид ажиллаж 3 ээлжээр хичээллэж байсан. Харин өнөөдөр 320 хүүхдийн суудалтай 3 давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.

 

Өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор 9-р сургууль 2 ээлжинд бүрэн шилжиж 6 анги 1 ээлжээр хичээллэх боломжтой болж байгаа юм. Өргөтгөлийн барилга нь багш хөгжлийн өрөө, багш ажилчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх өрөө, хичээлийн 14 танхим, сурагчдын сайн дурын байгууллага ажиллах өрөө, давтлагын өрөөнүүдтэй. “Би Ти Ди Би” ХХК чанар стандартын дагуу барилгын ажлыг гүйцэтгэж хугацаандаа хүлээлгэн өгсөн байна.    

 

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар СХД-ийн 43 эх Алдарт эхийн 1 дүгээр одонгоор, 790 эх Алдарт эхийн 2 дугаар одонгоор энгэрээ мялаалаа. Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан эхчүүдэд дүүргийн удирдлагууд одонг нь гардуулан өгч сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

     Нийт одон гардан авсан ээжүүддээ болон хүүхэд багачууддаа Эх үрсийн баярын мэнд хүргэе. Монголын үрс маш олон болох болтугай.

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар ажиллаж байна.

Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоолоо.

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг

Зээлийн ерөнхий нөхцөл:

Зээлийн хугацаа: 5 хүртэл жил

Зээлийн хүү /жилийн/:

Сангаас шууд олгох зээлийн хүү – 3 хувь

Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар

2019 ОНД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

Арьс шир боловсруулах,

Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах,

Барилгын материал үйлдвэрлэх,

Хог хаягдал, дахин боловсруулах,

Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх,

Ноос, ноолуур боловсруулах,

Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах,

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

Сав баглаа боодол үйлдвэрлэх,

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах,

Туслах аж ахуй,

Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

Бусад

ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ:

Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон,

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо,

Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл,

Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх,

Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

Эрчимжсэн аж ахуй,

Шинэ техник, технологи нэвтрүүлэх,

Төсөл хүлээн авах хаяг: Улаанбаатар хотод

Байршил-1.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 18А/1,

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо ТББ-н байр, 1-р давхарт.

Холбоо барих утасны дугаар: 51-267887, 9910-2708 /Ө.Жамила/, 9902-6348 /С.Батболд/

Байршил-2.

Сонгинохайрхан дүүрэг, Драгон төвийн хойно “Интер” ХХК-ийн байр, 7-р давхарт, 705 тоот. ЖДҮ-г дэмжих Мэдээлэл сургалтын төв.

Холбоо барих утасны дугаар: 7018-7080, 8999-3373 /Ц.Болормаа/,

8830-1245 /Ж.Цэнд-Аюуш/

Байршил-3.

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засаг даргын тамгын газрын байр, /Шүүх 2 ногоон байр/ 2-р давхарт, 206 тоот. ЖДҮ-ийг дэмжих төв.

Холбоо барих утасны дугаар: 7000-7012, 9983-1842 /Н.Дорждулам/,

8925-6614 / О.Ундармаа/, 9910-6949 /Б.Наранцацралт/

Хөдөө, орон нутагт

Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд

ЖИЧ: Төслийн материалыг битүүмжлэн ирүүлэх. /Иргэн, аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүнг дугтуйны гадна талд бичсэн байх/

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 11:00-16:00 цагийн хооронд “Сэлэнгэ” зах дээр иргэд, даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх “Явуулын үйлчилээг” хүргэнэ.

Энэхүү өдөрлөгөөр тэтгэвэр, тэтгэмж болон хууль эрх зүйн зөвлөгөө, сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, гар утасны нийгмийн даатгалын апплейкшнийг баталгаажуулах юм.

Сонгинохайрхан дүүрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын өдрийг тохиолдуулан, дүүргийн салбар дундын нийгмийн ажилтнуудын дунд “Бидний Өдөр” үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Хороо, ерөнхий боловсролын сургууль, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан болон хорооны халамжийн ажилтнууд чуулж, цаашид хийх ажлууд, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн өргөн хүрээний уулзалт боллоо. 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/66 дугаар тушаалаар дүүргийн хороодын дунд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 2 сарын хугацаатай  зарласан уралдаан эрчимтэй өрнөж байна.

Энэ уралдааны хүрээнд архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, танхимын болон ажлын байран дахь сургалтыг  хуваарийн  дагуу  явуулж байна.

 Хороодын зохион байгуулагч нарын дунд архивын ажлын зохион байгуулалт, арга зүй, практикийн асуудлаар 27 дугаар хорооны иргэний  танхимд Нийслэлийн архивын газартай  хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж Архивын тасгийн дарга Д.Батхуяг хэлэхдээ, “Энэ сургалтын онцлог нь  27 дугаар хорооны архивын ажилд тулгуурлан сургалт явуулж байна. Архивын тасгаас хороодын архивын баримтын хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцаж бүх хороодыг архивын өрөөтөй болгох талаар санал гаргасан. Энэ хүрээнд хороо бүрт зориулалтын төмөр тавиур байршуулж хадгалалтын нөхцөлийг сайжруулна.” гэж онцлон тэмдэглэв.

Нийслэлийн архивын газрын  мэргэжилтэн Ж.Болорчимэг хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, данс бүртгэл үйлдэх, эрдэм шинжилгээ техник болрвсруулалт, нягтлан шалгалт хий арга зүйг практиктай хослуулан заасан нь үр дүнтэй боллоо. Хороодын зохион байгуулагч нар сургалтад идэвхитэй оролцож мэдлэг чадвараа дээшлүүлэв.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 3000 гаруй аж ахуйн нэгж байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон өнөөдөр салбар бүрээс төлөөлөл болгож нийт 120 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд болооод санхүүгийн мэргэжилтнүүдийг оролцуулан “Ажил олгогчдын зөвлөгөөн” зохион байгуулсан юм.

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэн, ажиллагсадынхаа нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд олон жил тууштай үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагуудын төлөөлөл өнөөдөр чуулж асуудлаа хэлэлцлээ.

Зөвлөгөөнөөр нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон шинээр нэвтрүүлж буй гар утасны апплейкшн, тоон гарын үсгийн тухай танилцууллаа.

Улаанбаатар Марафон Олон Улсын гүйлт энэ жил 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. “Улаанбаатар Марафон Олон Улсын гүйлт”-д Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 2000 гаруй хүн оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд баригдах “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын “Нийтийн тээврийн автобус парк” төслийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс, нийтийн тээврийн үйлчилгээний газрын ажилчид оролцов.

Шав тавих ёслолыг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ “Сүүлийн 20 гаруй жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр ийм бүтээн байгуулалт хийгдээгүй. Өнөөдөр энэ ажил эхэлж байгаад баяртай байна. Одоогоор нийслэлийн тээврийн салбарт 1000 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Бид бүхэн эхний ээлжинд 110 автобусны багтаамжтай паркийн шавыг өнөөдөр тавьж байна. Энэ бүтээн байгуулалт 2020 он гэхэд ашиглалтад бүрэн орохоор төлөвлөгдсөн. Мөн цаашдаа нийтийн тээврийн үйлчилгээний салбар бүх автобусаа хяналтын камертай болгож, дүрсийг нь удирдлагын төвөөсөө онлайнаар хянадаг байх, байгальд ээлтэй эко автобуснуудаар парк шинэчлэлтээ хийх зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллана” хэмээсэн юм.

“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ чиглэл бий болгоно”, мөн “Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эко автобус, троллейбусыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэл хотын түүхт 380 жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр тусган ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 4.7 га газарт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламжийг шинээр барих ажил эхэллээ” хэмээн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэлэв.

“Нийтийн тээврийн автобус парк” төслийн ажлын хүрээнд нийт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламж, барилгыг барихаар төлөвлөснөөс 2018 онд таван тендер зарлан гүйцэтгэгч компаниуд гэрээгээ байгуулан ажил эхлэхэд бэлэн болжээ. Эхний ээлжинд уурын зуухны барилга, агуулах, шатахуун түгээх станц барих аж. Цаашид оношилгооны төв, иргэдэд үйлчлэх төв, харуулын байр, угаах цех, кузов засвар, засвар үйлчилгээний төв, автобусны дулаан гараашийн барилга, байгууламжуудыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.