Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд “Иргэний танхим” уртын дуу, морин хуурын эгшигээр жавраа үргээж үүдээ нээлээ. Нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, Н.Ганаа, Ц.Төрхүү, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун зэрэг удирдлагуудаас гадна нийслэлийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхболд, тус дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Авирмэд болон бусад дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга, ахлах мэргэжилтнүүд хүндэт зочноор уригдан оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Иргэний танхим”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

 

Тус нээлтэд оролцсон нийслэлийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн зарлигийг сахин биелүүлж хамгийн анхны иргэний танхимыг дүүргийнхээ 7 дугаар хороонд нээсэн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 7, 19, 21-р хороонд “Иргэний танхим”-тай бөгөөд ирэх ондоо багтааж бүх хороог “Иргэний танхим”-тай болгох зорилго тавин ажиллаж байна. 

Төр иргэний гүүр болох энэхүү танхим нь нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүргийн дараа нээгдэж буй хоёр дахь танхим юм.

"Самдунг" мэргэжлийн сургалтын төв нь Солонгосын KOICA-ын тусламжаар барилгын салбарын мэргэжилтнүүдийн туршлага дээр үндэслэн суралцагчдаар үйлдвэрлэлийн дадлага хийлгэн тэдэнд ажилд орох боломжийг бүрдүүлж өгөхийн тулд бодитой үнэ төлбөргүй боловсрол олгож, жилдээ 3 улирлын турш сургалт явуулах бөгөөд улирлын эхээр хэдийд ч сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэд элсэх боломжтой. Манай төвийг зорин ирж барилгын салбарын чадварлаг мэргэжилтэн болж өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ эрүүл саруул нийгмийн ажилтнаар үйл ажиллагаа явуулахыг хүсье.

 

Манай мэргэжлийн сургалтын төвийн 2013 оны элсэлтийн бүртгэл явагдаж байна.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахимжуулах бодлогын хүрээнд Төрийн үйлчилгээний автомат машин буюу ТҮЦ машинуудыг нэвтрүүлсэн.
Энэхүү ТҮЦ машинуудыг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэд төрийн үйлчилгээ, тэр дундаа иргэний бүртгэл, мэдээллээс гаргадаг лавлагаануудыг цахим машинаас авах боломж бүрдсэн.

 


Улмаар иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэсэн сайн ажил болсон хэмээн иргэд ам сайтай байгаа юм. Тэгвэл Дэлхийн банкны хийсэн судалгаагаар ТҮЦ машин өнгөрсөн хугацаанд иргэдийн халааснаас 600 гаруй сая төгрөгийг хэмнэсэн гэх дүн гарсан байна. Түүнчлэн Монголын ТҮЦ машин нэвтрүүлсэн туршлагыг Гүрж улс судлах асуудлаар хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн бүх дүүрэг, хороонд “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Ирэх оны нийслэлийн төсөвт тусгай хуудсаар авсан саналыг үндэслэн ийнхүү хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ өдөр нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хэлэлцүүлэг зохион байгуулахад анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл хийж, дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдэд чиг үүрэг өгсөн юм.

 

Айл өрх бүрээс авсан саналын хуудсыг тусгай машинаар уншуулан иргэдээс гаргасан саналыг эрэмбэлэн, иргэдээс олонхийн саналыг авсан ажлуудыг ирэх оны төсөвт суулгах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг нийслэл даяар өрнүүлж байна. Ингэхдээ хороо тус бүрт нийслэлийн удирдлагуудаас төлөөлөл оролцон иргэдэд төсөвтэй холбоотой мэдээллийг хийж, тухайн хороодын иргэдийн саналын дүнг энэ үеэр танилцуулсан юм.

Тухайлбал, дүүргийн 15 дугаар хорооны 1270 өрхөөс авсан саналын 20 хувь буюу 247 ширхэг саналын хуудсын дүнг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга төсвийн төлөөлөгчөөр оролцсон юм. Дүүргийн 15 дугаар хорооны иргэд цэцэрлэгтэй болох, цэвэр усны шугамын шинэчлэл, орон сууцны гадна дулаалга, гэрэлтүүлэг, хяналтын камер тавих зэргийг ирэх онд хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа талаар саналаа өгчээ. Энэ дагуу иргэд хэлэлцээд ирэх оны төсөвт нэн тэргүүнд байрны дулаалга, хяналтын камер, гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтыг тусгахаар болов.

Мөн 13 дугаар хорооны “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэгт дүүргийн  Засаг дарга М.Чинболд оролцлоо. Тус хорооны иргэд цэцэрлэг, орон сууцны гадна дулаалга, гэрэлтүүлэг, хяналтын камертай болох зэрэгт олонх нь саналаа өгсөн байна.

 

Иргэний оролцоотой төсөв-2014  санал асуулгын дүнг эндээс татаж авна уу?

Sheet  A дээр  6, 7, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20, 22, 27, 29 дүгээр хороод

Sheet B дээр үлдсэн хороодууд байгааг анхаарна уу.

 

Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн юм. Эхний ээлжид Нарангийн голоос СХД-ийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэхээр их багтаамжийн автосбуыг тусгай маршрутаар  явуулсан бол энэ сарын 11-нээс эхлэн дахин 3 чиглэлд хүүхдийн автосус явуулахаар боллоо. Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн 4 чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус явах бөгөөд энэ чиглэлүүд
 
нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22  сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Хүүхдийн автобусны үйлчилгээнд  Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК,  “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд их багтаамжийн автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Статистикийн байгууллага үүссэн  11 сарын 11 өдөрт зориулан өнөөдөр өглөө ЕБС 12, 65-р сургуулиудын 11 ангийн төгсөх хүүхдүүдэд “Статистик хөгжилд хөтлөгч хүч” сэдэвт хичээл орлоо. ЕБС-ийн 12 дугаар сургуульд Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, 65 дугаар сургууль дээр СХД-ийн Статистикийн хэлтэсийн дарга Б.Алтангэрэл нар хичээл заав.  Сургалтанд нийт 270 хүүхэд оролцлоо.

 

 

                Сургалтанд оролцсон сурагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтануудад “Статистикийн цагаан толгой” ном тараав.

Сонгинохайрхан дүүргийн Статистикийн хэлтэс

2013 оны 11 дүгээр сар 11

Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг даргын энэ удаагийн шуурхай хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэв. Тус хуралдаанаар хэлэлцсэн хамгийн гол асуудал нь “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил байлаа. 2014 оны төсвийг иргэдийн оролцоотойгоор боловсруулж, төсвийг үр ашигтай зарцуулах, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү кампанит ажлыг 12 хоногийн турш зохион байгуулж байна. Ирэх оны төсвийн төсөлд өөрийн саналаа оруулахын тулд орон сууцны айл өрх “А”, гэр хорооллын айл өрхүүд “Б” санал авах хуудсыг бөглөх юм. Саналын хуудас дээрх бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгэм, нийтийн үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэл зэргээс танай хороонд зайлшгүй хийх шаардлагатай ажлыг тэмдэглэнэ. 

 

Өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн 65 мянган айл өрхөд эдгээр саналын хуудсыг хороодын хэсгийн ахлагч нар тараах бөгөөд иргэн та хорооныхоо байр дээр хүрч очин өөрийн саналаа өгөх боломжтой. Иргэдийн ихэнх саналыг авсан ажлуудыг нэгтгэн хороо тус бүрт хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайн хэлэлцүүлэг иргэдэд нээлттэй болохоос гадна нийслэлийн удирдлагууд оролцоно.

 

 

 

Дүүргийн Засаг дарга мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Сонгинохайрхан дүүргийн брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах үйл ажиллагааг Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж, 11 дүгээр сарын 6-ны өдөр батламжийг гардуулсан. Тус үйл ажиллагааны хүрээнд 32 хорооны аж ахуй нэгжүүдээс олон бүтээл, бүтээгдэхүүн ирүүлснээс 29 дүгээр хорооны иргэн Л.Энхбатын үйлдвэрлэсэн цацраг туяанаас хамгаалах “Турмалин ион” бүтээгдэхүүн, Д.Батжаргал захиралтай “Маргад эрхи” ХХК-ийн хаягдал шил боловсруулан үйлдвэрлэсэн барилгын чимэглэлийн материал тус тус брэнд бүтээгдэхүүнээр шалгарлаа. Брэнд бүтээгдэхүүн нь тус дүүргийн нүүр царайг илэрхийлэх учраас цаашид борлуулалтыг дэмжиж ажиллана гэдгээ дүүргийн Засаг дарга энэ үеэр илэрхийлэв.

 


Өнгөрсөн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1, 2, 13, Зүүнбаян-Уулын 5, 6 дугаар гудамж, Хөтөл, 7-р хороо Баянхошууны хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлан хийсэн 6 кВ-ын Овоот цахилгаан дамжуулах агаарын шугамын  шинэчлэлтийн ажил дуусч байгаа тул өнөөдрөөс эхлэн эдгээр цэгүүдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхэлнэ.
Харин өнөөдөр Хан-Уул дүүргийн 8, 9, 16-р хороо Буянт-Ухаагийн 1-14, Дэнжийн 7, 9, 10, 11, Бурхантын 2-8 дугаар гудамж болон Эко хотхон барилгыг, 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхорын 1-7 дугаар гудамж, 31-р хороо Цаг уурын станц орчмын хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын Буянт-Ухаа, Хөтөл агаарын шугамуудад шинэчлэлтийн ажил хийгдэх тул 10 – 18 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлалт хийгдэх юм байна.

 


Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Монлаа, Баянзүрх дүүргийн Монель, Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган, Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Хайлааст, Согоот, Хангайн гудамж орчмын 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэт ачаалагдсан зарим дэд станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийгдэж буй 5 тэрбум төгрөгийн өртөгтэй UB-56 төслийн ажил 85 хувьтай явагдаж байна. Өвлийн ид ачааллаас урьтаж өөрийн хүч,  хөрөнгөөр хийж байгаа энэхүү төслөөр 35 кВ-ын Дашчойнхор, Баянхошуу дэд станцуудын чадлыг томсгож, 10/0.4 кВ-ын 39 дэд станц шинээр барих ба 6-10 кВ-ын цахилгаан дамжуулах 15 агаарын шугамыг өргөтгөнө гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ.