Дүүргийн онцгой комисс шинэ коронавирус болон цаг үеийн асуудлаар хуралдаж байна.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх шуурхай штаб байгууллаа. Та бүхэн 7017-2827 утсаар сэжигтэй тохиолдол болон бусад мэдээллийг өгч хамтран ажиллана уу.

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2020-02-14-НЫ БАЙДЛААР...

ЭХ СУРВАЛЖ Эрүүл Мэндийн Яам

#ТохиолдлынТоо 64161
#Эдгэрсэн 6891
#НасБарсан 1485

Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Маргаашаас /2020.02.14/ эхлэн БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн: Төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо. Хоёрдугаар сарын 1-ээс хойш БНХАУ-ын иргэн болон тус улсаар дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. БНХАУ-д байгаа монголчуудаа татан авсан. Ойролцоогоор 6000 иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.

Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Онгоц нисэх асуудлыг Засгийн газар цаашид шийднэ. Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна.

Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ.

Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор "Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй" хэмээн дээрх асуудлаар тус аймгийн Засаг дарга өнөөдөр захирамж гаргав.

Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн хот хоорондын тээвэр, албан бус такси зэрэг бүх хөдөлгөөн зогсох нь.

Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Тэгвэл ажлын хэсэг өчигдөр “Тэнүүн Огоо” ХХК-ийн автобус баазад очиж ээлжнээсээ буусан автобусуудын цэвэрлэгээ үйлчилгээний явцыг шалгалаа. 

Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Тэнүүн Огоо” ХХК-аас нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй аютобусуудаа мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн компаниар шат дараатай ариутгалыг хийлгэж, олон жилийн хир тортог үүссэн хэсгүүдийг иж бүрэн цэвэрлэгээнд оруулах ажлуудыг хийж байна. Мэргэжлийн ариутгалын компани нь “Эко Жэт” аппаратаар нэг автобусыг 40 секундэд бүрэн ариутгаж, халдваргүйжүүлж байна. Ажлын хэсгээс суудлын бүрээсүүдийг тогтмол угаалгах, шаардлага хангахгүй бүрээсүүдийг солиулах чиглэлийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.

Шалгалтын үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийтийн тээвэр бол маш том дэд бүтцийн салбар юм. Энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол карантины үед 358 мянган зорчигчдод тогтмол үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр бол нэг дор олон хүнийг тээвэрлэдэг халдвар тархах магадлалтай хамгийн эрсдэлтэй тээврийн хэрэгсэл, оройн зай. Тиймээс бид анхаарал сэрэмжээ алдалгүй тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах тал дээр тогтмол үүрэг, чиглэл өгч хяналтаа тавьж ажиллаж байна. Нийтийн тээврүүдэд халдвараас урьдчила сэргийлэх зөвлөмжүүд тавигдаж эхэлсэн. Нийтийн тээврээр зорчиж буй бүх иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, бусдадаа шаардлага тавьдаг болсон байна. Нийслэлээс ажлын хэсэг автобус компаниудын эх авалтууд дээр нь очиж ариутгал, цэвэрлэгээг шалгах, өдрийн цагаар тогтмол явцын хяналтуудыг хийж байна. Ийм онц дэглэм тогтоосон үед бид нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдэд зүй ёсны шаардлагуудаа тогтмол тавина. Хэрэв хэрэгжилт хангалтгүй, иргэдээс холбогдох гомдол санал ирсэн тохиолдолд тухайн байгууллагад хариуцлага тооцох болно” гэлээ.

Өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 13-аас эхлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэн, тогтмол зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НТҮГ, НМХГ, ЗАА –д үүрэг өглөө.

Шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна.

Мөн 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах ажлын хуваарь гарган мөрдөж ажиллаж байна.

Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсаны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж. Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийг бэлтгэснээ танилцууллаа.

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тооллогын товыг тогтоов.

Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 9:00 цагаас 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд сонгогдсон айл, өрх бүрээр бэлтгэгдсэн тоологч очиж, үлдсэн өрх, хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолов.

Тооллогын явц мэдээлэл боловсруулалтын шатад үргэлжилж байна. Тиймээс иргэд 1212.mn цахим хуудасны “Сонирхолтой статистик” буланд шинээр байршуулсан ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-ын цэсээр дамжуулан тоологдсон эсэхээ шалгах боломжтой боллоо.

Та Регистрийн дугаараа оруулаад тоологдсон эсэх ээ лавлана уу.

http://1212.mn/sonirkholtoi/census2020/

Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах үүднээс цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх маш чухал санал гаргасан.

Эрүүл мэндийн сайдын саналыг Улсын онцгой комиссын хурлаар дэмжиж, сар шинийн баярыг бүх нийтээрээ тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэрийг гаргаж, ҮАБЗ-д санал хүргүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарлиг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлигт:

1.Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай. Үүнд:

1.1 Шинэ коронавирусын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах.

1.2 Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх.

1.3 Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

1.4 Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

2.Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай гэжээ.

Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 11-ны мэдээгээр коронавирусийн 43099 тохиолдол, 1018 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 391 тохиолдлууд бүртгэгдсэн. Сүүлийн үед Франц, ХБНГУ, БНСУ, Малайз, Сингапур, Испани, Тайланд, АНУ, Вьетнам, Хятад Улсад зорчсон түүхгүй тохиолдлууд нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс гадна БНХАУ, Япон, Саудын Араб, Малайзад шинж тэмдэг илрээгүй хүмүүс халдвар авсан тохиолдол гараад байна.

Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын мэргэжилтнүүдтэй хамтран 4 удаагийн эрсдэлийн үнэлгээ хийгээд байна.  Эрсдэлийн үнэлгээгээр гарсан асуудлыг шийдэх төлөвлөгөөг тухай бүрд нь боловсруулан салбарын болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж  эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна. Энэ долоо хоногийн гол ажил бол эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг үнэлэх, зохион байгуулах, 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн ажилчдад танхимын болон онлайн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

ДЭМБ-аас эмнэлгийн халдвар хяналт сэргийлэлт, ложистик, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчруулахаар ярилцаж  байна.

Энэ долоо хоногт нэмэлтээр 3000 оношлуур ирнэ. Улирлын томуу болон уушгины хатгалгаатай хүмүүст идэвхтэй тандалт хийх зорилгоор коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөж байна” гэв.