Улсын онцгой комиссоос их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1 хүртэл теле хичээл үргэлжилнэ.

ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн Засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн.

ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж төлөвлөсөн хэвээр байна. ЭЕШ өгөх бүх хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх Ерөнхийлөгчийн зарлигтай.

Гэвч энэ жил энэ шалгалтыг авахгүй, өнжинө. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй. Өндөр төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хувьд сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдтэй санал бодлыг солилцож байгаа. Яамны зүгээс хувийн сургуулийн төлбөрийн асуудалд оролцох чиг үүрэг байхгүй.