Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн мэдээлснээр 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан нийт таван хүн эдгэж, эмнэлгээс гарчээ.

Харин гаднаас зөөвөрлөгдсөн өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн лабораторит нийт 502 хүнд хийсэн шинжилгээний хариу гарчээ. Үүнээс Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж тусгаарлагдсан 260 хүний хариу сөрөг гарсан бол тандалт судалгааны зорилгоор уушгины хатгалгаагаар өвдсөн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс гадна ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүнд хийсэн шинжилгээний хариу өчигдөр гарч 13 тохиолдол батлагдлаа.

ОХУ-аас ирсэн 282 зорчигч нь Москва-Улаан Үд рүү нислэг үйлдсэн, Эрхүү-Улаан-Үд рүү ирж, хилээр орж иржээ. Москва-Улаан-Үд рүү ирсэн зорчигчдыг Амар зочид буудалд байрлуулжээ. Дархан-Уул аймагт 110 хүнийг тусгаарлаж, батлагдсан нэг тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг байжээ. Батлагдсан тохиолдлуудын мэдээллээр тухайн сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал болох 30 хүн Москвад сурч байсан оюутнууд аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр Дархан-Уул аймагт тусгаарлагдаж, батлагдсан нэг тохиолдлыг Улаанбаатарт шилжүүлэн ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулж, эмчилж байгаа аж.