Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.

            Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

         Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил цаашид тогтсон хуваарийн дагуу хийгдэх бөгөөд энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв, баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийгдэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг нэмж ашиглахаар төлөвлөжээ.