Коронавируст /COVID-19/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг 02 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хязгаарлаж, хөл хорио тогтоож, 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм.  

2020 оны 03 дугаар сарын 04-ний 08:00 цагийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор орсон 33.648, товчоогоор гарсан 20.741 буюу нийт 54.389 тээврийн хэрэгсэл, мөн нийслэл рүү орсон 128.374, нийслэлээс гарсан 62.073 буюу нийт 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагдсан байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эмээлт, Баруунтурууны автотээврийн шалган бүртгэх товчоодод нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Тээврийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нийт 75 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ.