Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Сүүлийн өдрүүдэд Цагаан сараар айл хэсэх иргэдийг дроноор хянана, уламжлалт баярын золголтыг дроноор зогсооно, тэтгэвэртээ суусан ахмадуудыг эргүүлд гаргана гэх мэтчилэн худал мэдээллүүд цахим орчинд гарч иргэдийг төөрөгдүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд онцгой шаардлагатай үед зарим төрийн албан хаагчдыг хуваарилж ажиллуулах талаар яригдсан. Амны хаалтгүй иргэдийг торгоно, Цагаан сар тэмдэглэж айл хэссэн иргэдийг дроноор хянана, сайжруулсан түлшний барьцалдуулагчийг гурилаар орлуулсан гэх зэрэг олон нийтийн сүлжээгээр явж байгаа баримт нотолгоогүй мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэлээ.