Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99, Чөлөөлөх дайны ялалтын 75, Цэргийн штабын 95 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Эх орноо магтан дуулъя” уралдааны нэгдүгээр шатны тэмцээн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Б.Ундармаа, Цэргийн штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Нямгэрэл болон сургуулийн удирдлага, багш нар оролцлоо.

Монгол хүн болж төрсөн бахархлыг тээгч байх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, эх орны тухай дууг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх чухал ач холбогдолтой энэхүү тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 230 гаруй сурагчид авьяас билгээрээ өрсөлдөж, нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль тэргүүн байр, 122 дугаар сургууль дэд байр, 124 дүгээр сургууль гуравдугаар байр, Ирээдүй цогцолбор бага сургууль тусгай байр эзэлж Засаг даргын нэрэмжит өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Мөн энэхүү уралдааны эхний 10 байрт шалгарсан сурагчид дараагийн шат буюу нийслэлийн уралдаанд оролцох эрхтэй болж байгаа юм. Хүүхэд багачуудаа дэмжин оролцсон нийт багш, эцэг эх, сургуулиуддаа талархал дэвшүүлж, дараагийн шатанд нь амжилт хүсье.