Видео

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах” хяналт шалгалтыг ХХҮХ, ТНААХ, Цагдаагийн 1,2,3 хэлтсийн мэргэжилтэн, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг хангуулах, камержуулалт, хаягжилтыг сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, хоолны цэсэнд шим тэжээлийн мэдээллийг тусгах, гэр бүлийн болон хүүхдийн хоолны цэстэй байх шаардлагыг тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар 12 ресторан, 9 баар, 3 кафе нийт 24 хоол үйлдвэрлэлийн газар, 96 хүнсний дэлгүүр аттестатчилалд хамрагдаад байна.

 

Жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг Монголын хуульчдын холбоо "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар болсон.

Тус арга хэмжээний үеэр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэдэд 70007081 дугаарын утсаар мөн https://www.facebook.com/184Songinokhairkhan/ хуудасны чатаар холбогдон хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгнө.  

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН

 

ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Коронавирусуус урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг “Иргэн бүрийн оролцоо – Цэвэр орчин” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд үүсмэл хогийн цэг болон гуу жалга, гудамж, гражны булан тохойд хуримтлагдсан хогийг хог тээврийн байгууллагууд болон иргэдийн бүлэг хамтран цэвэрлэж байна.

            Тогтсон ажилгүй иргэд нийлэн иргэдийн бүлэг болж, цэвэрлэгээний ажилд хамрагдаж байгаа бөгөөд тэд нэг цагийн ажлын хөлсөө 3400 төгрөгөөр үнэлүүлж байна. Аяны хүрээнд орон сууцны хогийн цэгийн хогийг өдөрт 2 удаа ачуулж иргэдэд хогоо ил задгай хаяхгүй байх талаар уриалга хийж байгаа аж.

            Уг аян эхлэснээс хойш 8 хогийн цэгээс 330 гаруй тн хог хаягдлыг нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна. Түүнчлэн иргэд ч мөн өөрсдийн амьдрах орчныг цэвэрлэх ажилд хамтран оролцож байгаа гэдгийг аяныг зохион байгуулагчид хэлж байна. Мөн хороодод хог цэвэрлэгээний хуваарь гарган иргэдтэйгээ хамтран цэвэрлэгээ хийж байгаа юм байна.

           Өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Засаг даргын А/184 захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд “Их цэвэрлэгээ-90” минут бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээний ажилд нийт 2.538 аж ахуйн нэгж байгууллагууд 10.637 иргэд оролцож, 43 хороонд 47 автомашин 217 рейсээр хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 92 зам талбайн үйлчлэгч ажиллаж, 36 ширхэг сандал, 72 ширхэг хогийн сав, 14 цэцгийн мандлыг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжрууллаа. 

Засаг даргын орлогч О.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр зарим хороодод ажиллалаа. Тодруулбал “Иргэн бүрийн оролцоо-Цэвэр орчин” аяны хүрээнд 1, 2, 4, 34-р хороодод ажиллаж, аяны явц, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгаатай танилцлаа.

Европын холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн зөн ОУБ хамтран Covid-19-ийн нөлөөнд ихээр өртсөн хүүхдүүд болон тэдний гэр бүлд нэг сарын хүнсний хэрэглээ, ариун цэврийн болон боловсролын багцыг хүргэж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 7, 11, 12-р хороодын зарим өрхөд дээрх багцыг хүргэсэн юм. Түүнчлэн уг ажлын хүрээнд “Хөөрхөн зүрх” ТББ-аас хүүхдүүдэд сэтгэл зүйн сэргээн засал, хууль эрхзүй, эрүүл мэндийн шаардлагатай зөвлөмж, тусламжийг үзүүллээ.

Сонгинохайрхан дүүрэгтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг БНСУ-ын "Share Sarangbat" олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд БНСУ-аас ирүүлсэн буцалтгүй тусламжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү тусламж нь 1 дүгээр сард ирэх ёстой байсан ч коронавирус /ковид 19/ халдварт өвчний улмаас түр хойшилж өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүрч байна.       

Өндөржүүлсэн бэлэн байдалд төрийн бүх шатны байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 5.512 ажилтан 2.584 чиглэлд эргүүл хийж дүүргийн хэмжээнд Нэгдсэн эмнэлэгтээ тусгаарлах тасаг бий болгон шаардлагатай нөхцөл байдал үүсвэл иргэдийг тусгаарлах байрыг бэлджээ. Тусгаарлалтаас гэрийн тусгаарлалтад шилжиж ирсэн 240 иргэнд байнгын хяналт тавьж байна.

СХД-ийн иргэд, аж ахуйн нэгжүүдээс 65.2 сая төгрөгийн хандив ирж, үүнээс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон, эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж авч өгчээ. Дүүргийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгүүд болон бусад байгууллага, хувь хүмүүсээс ирсэн амны хаалтны хандив үргэлжилж байгаа юм байна. Мөн дүүргээс тодорхой төсөв гаргаад шаардлагатай бүх хороод болон иргэдэд амны хаалт, хамгаалах хэрэгсэл өгчээ. Дүүргийнхээ хэмжээнд ариутгалыг бүрэн хийж дууслаа. Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2 авто товчоогоор орж, гарсан 44 мянга гаруй иргэдээс асуумж авч, биеийн халууны үзлэг хийсэн байна.

Гудамж, нийтийн эзэмшлийн талбайгаар дуут дохиогоор коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, төрийн байгууллагын зүгээс энэ мэт олон ажлыг зохион байгуулж байна. Ирэх 7 хоногоос Сонгинохайрхан дүүргийн бүх гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон болон бохирын цооногт ариутгал хийгдэнэ.  

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан оройн 21:30 цагт боллоо. Шуурхай хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат нар танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улсын онцгой комисс 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 19 дүгээр хуралдаанаа хийж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс сая хуралдаж дууслаа. Европын холбооны улсаас ОХУ-ыг дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос КОВИД-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар-Дархан-Уул-Сэлэнгэ хоорондын орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, мөн энэ хугацаанд хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргалаа” гэв.

Мөн “Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар болон бусад бүх дүүргийн онцгой комиссын албан хаагчид ажиллана. Одоо хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдал цаашид үргэлжилнэ. Үүнд Нийслэл, дүүргийн Төр, захиргааны байгууллагынхан хорогдуулсан цагаар ажиллаж байгаа. Мөн онлайн үйлчилгээнүүд бүрэн үйлчилж байгаа учраас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд ард иргэд амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжөө хэрэгжүүлэх ёстой. Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яам, Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийг сайтар биелүүлж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөе. Маргаашнаас эхлэн цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллүүдийг шуурхай өгч ажиллах болно” гэсэн юм.

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан.

Иймд мэдэгдэл хүргүүлж тус байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Коронавируст халдвар /Covid-19/ цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах,  эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас хэрэгжүүлж буй багц арга хэмжээний хүрээнд нийгмийн даатгал болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.