Дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сайн цаас" ХХК-ны хамт олон өөрсдийн хөрөнгөөр 228-р цэцэрлэгийн "Ахлах А" бүлгийн угаалгын өрөөг тохижууллаа. Угаалтуурын гаднах  тавцанг ус нэвтэрдэггүй хамгаалалттай хавтангаар хийж, цаашид бусад анги танхимыг тохижуулах ажлыг эхлүүллээ.

Энэхүү ажилд 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хамтран ажиллахыг мөн уриалсан байна.

       Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 04 дүгээр сарын 24-26-ны хооронд зохион байгуулах гэж байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хороодын Иргэний нийтийн хурлын дарга нар болон Засаг дарга нарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чадавхижуулах” сургалт зохион байгууллаа.

Засаг даргын Тамгын газар,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан уг сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр болон дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоог бэхжүүлж, чадавхжуулах зорилготой юм.

Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилт, үйлдвэрийн осол, хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх цаашид хороодод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулж, хяналт тавин, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах зорилготой аж.

Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан, Сонгинохайрхан дүүргийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Д.Төмөрбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны сургалт хөгжлийн хэлтсийн дарга Р.Ганхуяг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйч А.Цэнгэлмаа нар оролцож, сургалт мэдээлэл өглөө.  

    

     Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн хүндрэлтэй асуудал бол бүтээгдэхүүнээ борлуулах байдаг. Тэгвэл тэдний борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх чиглэлээр Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс сургалт зохион байгууллаа. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Онлайнаар болон Тв-Худалдаа хийх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүний онцлогийг танилцуулахаас гадна нэмэлт захиалга авах боломжтой болж байгаа юм.

Маргааш буюу 2019 оны 04-р сарын 17-ны өдөр 09:00-12:30 цагт Драгон үйлчилгээний төвийн замын эсрэг талд Дашваанжил ХХК-ны 7 давхарт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чадавхижуулах сургалт зохион байгуулах гэж байна.

Уг сургалтаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, удирдан чиглүүлэх, хэрхэн ажиллах чиглэлээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэх юм байна.

          Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай А/285 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган Нийслэлийн хэмжээнд 04 дүгээр сарын 20-ны өдөр "БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-г зохион байгуулна. 


          Нийт айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд ХАМТДАА "Их цэвэрлэгээ-90" минут арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож, амьдарч буй орчноо цэвэрлэхийг уриалж байна. 

     Энэ онд хэрэгжих хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг иргэдэд танилцуулах өдөрлөгийн арга хэмжээг 4 бүсийн хороодод хийлээ. 

       Өдөрлөгөөр төсөл хөтөлбөр, ажил олгогч байгууллагуудын нээлттэй ажлын байрны танилцуулга, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар үйлчиллээ.

     Түүнчлэн дүүргийн зүгээс "Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил"-ийг зарлан иргэддээ ганц удаагийн бус байнгын эргэх холбоотойгоор үр дүнд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг хүргэж, өрхийн үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг өгөхөөс илүүтэй ажилгүй, ажил хайгч иргэддээ хөдөлмөрлөх хандлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн бус зөвлөх үйлчилгээг жилийн турш үзүүлж байнгын ажлын байраа тогтвортой хадгалахад төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран бүх талаар зөвлөн, дэмжин туслах чиглэлийг баримтлан ажиллалаа.  

     Үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сонирхсон 1600 гаруй иргэн оролцож мэдээлэл авлаа. 

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм. Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулах юм. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд зохион байгуулагдана.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэг газар хөдлөлтийн гамшгийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн урьдчилсан үзлэг, бэлтгэл бэлэн байдлаа шалгаж Номин агуулах худалдааны талбайд дадлага хийлээ.

            Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд 113-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 200 хүүхдийн ортой уг өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Инжхами” ХХК ажиллаж байгаа бөгөөд 8-р сарын сүүлээр ашиглалтад оруулах юм байна.