Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.

 Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд  үндэслэн  “Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011)  стандартаар тооцож, нэг кг ноолуур тутамд 20 000 (хорин мянган) төгрөгийн урамшууллыг  төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлж байна.

            Энэхүү урамшуулалд статистикийн мэдээлэлд бүртгэгдсэн нийт 203 441 малчин, мал бүхий этгээд хамрагдахаас сумд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албаар дамжуулан баталгаажуулсан нийт 196 009 малчдын нэрийн дансанд 170,779.6 мянган төгрөгийн урамшууллыг шууд олгож байна.

            Урамшуулалд хамрагдахаас орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх болно.

 ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

       Иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Маргааш 09:00-17:00 цагийн хороонд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй аваарай. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой “Мэдээлэл инновацийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дэд дарга А.Амарсайхан, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х. Нэмэхбаяр болон иргэд, холбогдох албаныхан оролцлоo.

Тус төвийн гол зорилго нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг болон зохион бүтээсэн аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулах, иргэдийг тогтмол мэдээллээр хангахад оршино.

Мэдээллийн төвөөр үйлчлүүлснээр иргэд тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх, “ХАС”, “ХААН”, “ТӨРИЙН” банкны хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болох зэрэг олон мэдээллүүдийг нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм.

“Мэдээлэл инновацийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд “Монбат” ХХК, “Баухаус” ХХК, “Тасума” ХХК, “Баргил тех” ХХК, “Минж занд” ХХК зэрэг 10 гаруй хувийн хэвшлийн байгууллагууд цахилгаан халаалт, агаар цэвэршүүлэгч, мөн ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцож бараа бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны чиглэлээ танилцуулав. Тус төвүүд нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ХЦХ 4 дүгээр гудамж-37 тоот, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хайрханы 5 дугаар гудамж-154 тоот, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 4 дүгээр гудамж-13 тоот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамж-13 тоот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 9 дүгээр гудамж-143 тоотод байрлаж байна.

Хавар биш гээд хэлчих вий гэсэн шиг хавсарга салхитай энэ л өглөө бид Сонгинохайрхан дүүрэгт очихоор хүлгийн жолоо заллаа. Хүрэх газар чамгүй хол, замын түгжрэл харьцангуй бага байсан тул бид зорьсон газартаа саадгүй хүрч очив. Биднийг очиход Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны гадаа хамгаалалтын цагаан хувцас жимбийтэл өмссөн, цэмбийсэн залуус буу шийдэнгээ атгасан дайчин эрс мэт жагссан харагдав.

Тэд бол өнөөдрийн их ажлыг нугалах гол баатрууд. Сонгинохайрхан дүүрэгт нийт 43 хороотой. Тэдгээрийн 80 гаруй хувь нь буюу 36 хороо нь гэр хорооллын айл өрхүүдээс бүрдэнэ. Тухайн хороодод ойролцоогоор 47 173 нүхэн жорлон, бохирын цооног бий. Иймд өнөөдөр бригад, бригадаараа цугларсан ариутгал халдваргүйжүүлэлтийн шижигнэсэн залуус айлуудаар орж, тэрхүү бохирын цооног, ил жорлонг ариутгахаар ирцгээсэн нь энэ.

Сонгинохайрхан дүүрэг 2020 оныг “Гэрэлт-ногоон дүүрэг” зорилтот жил болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд 5,10-р саруудыг “ Гэр бүлийн мод тарих өдөр”, “Аавуудын мод тарих өдөр”, “Ээжүүдийн мод тарих өдөр” “Андуудын мод тарих өдөр” зэрэг нэрэмжит болгон зохион байгуулж хашаа бүрийг моджуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Хаврын бүх нийтээр мод тарих ажлын 2 дахь 7 хоногийг “Гэр бүлийн мод тарих өдөр” болгон зарлаж, эмзэг бүлгийн хашаандаа мод тарих сонирхолтой иргэдэд 5000 ширхэг шилмүүст болон жимсний мод үнэгүй олгож, модны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах” хяналт шалгалтыг ХХҮХ, ТНААХ, Цагдаагийн 1,2,3 хэлтсийн мэргэжилтэн, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг хангуулах, камержуулалт, хаягжилтыг сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, хоолны цэсэнд шим тэжээлийн мэдээллийг тусгах, гэр бүлийн болон хүүхдийн хоолны цэстэй байх шаардлагыг тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар 12 ресторан, 9 баар, 3 кафе нийт 24 хоол үйлдвэрлэлийн газар, 96 хүнсний дэлгүүр аттестатчилалд хамрагдаад байна.

 

Жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг Монголын хуульчдын холбоо "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар болсон.

Тус арга хэмжээний үеэр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэдэд 70007081 дугаарын утсаар мөн https://www.facebook.com/184Songinokhairkhan/ хуудасны чатаар холбогдон хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгнө.  

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН

 

ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Коронавирусуус урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг “Иргэн бүрийн оролцоо – Цэвэр орчин” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд үүсмэл хогийн цэг болон гуу жалга, гудамж, гражны булан тохойд хуримтлагдсан хогийг хог тээврийн байгууллагууд болон иргэдийн бүлэг хамтран цэвэрлэж байна.

            Тогтсон ажилгүй иргэд нийлэн иргэдийн бүлэг болж, цэвэрлэгээний ажилд хамрагдаж байгаа бөгөөд тэд нэг цагийн ажлын хөлсөө 3400 төгрөгөөр үнэлүүлж байна. Аяны хүрээнд орон сууцны хогийн цэгийн хогийг өдөрт 2 удаа ачуулж иргэдэд хогоо ил задгай хаяхгүй байх талаар уриалга хийж байгаа аж.

            Уг аян эхлэснээс хойш 8 хогийн цэгээс 330 гаруй тн хог хаягдлыг нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна. Түүнчлэн иргэд ч мөн өөрсдийн амьдрах орчныг цэвэрлэх ажилд хамтран оролцож байгаа гэдгийг аяныг зохион байгуулагчид хэлж байна. Мөн хороодод хог цэвэрлэгээний хуваарь гарган иргэдтэйгээ хамтран цэвэрлэгээ хийж байгаа юм байна.

           Өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Засаг даргын А/184 захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд “Их цэвэрлэгээ-90” минут бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээний ажилд нийт 2.538 аж ахуйн нэгж байгууллагууд 10.637 иргэд оролцож, 43 хороонд 47 автомашин 217 рейсээр хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 92 зам талбайн үйлчлэгч ажиллаж, 36 ширхэг сандал, 72 ширхэг хогийн сав, 14 цэцгийн мандлыг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжрууллаа. 

Засаг даргын орлогч О.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр зарим хороодод ажиллалаа. Тодруулбал “Иргэн бүрийн оролцоо-Цэвэр орчин” аяны хүрээнд 1, 2, 4, 34-р хороодод ажиллаж, аяны явц, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгаатай танилцлаа.